Шууд Chart

Инженерийн чиглэлээр бэлтгэсэн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байна

2024-04-03 17:02:02

Инженерийн чиглэлээр бэлтгэсэн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байна.

Олон улсад хөдөлмөрийн зах зээл томоохон сорилтуудтай тулгарч байна. Ажил эрхлэлтийн өсөлт удааширч, ажиллах хүчний хомсдол нэмэгдэн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, төрөлт буурч буй зэргээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орж байгаа юм.

Эдгээр сорилт манай улсын хөдөлмөрийн зах зээлд ч тулгарч байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институт, гадны зөвлөхүүдийн баг хамтран Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2024-2035 оны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгаа хийжээ.

Судалгаанаас харахад ажиллах хүчний оролцооны түвшин 60 орчим хувьтай болж олон улсын дундажтай ойролцоо ч ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.5 сар байгаа нь олон улсын дунджаас доогуур байна.

Бодит цалин сүүлийн 10 жилд ам.доллараар илэрхийлбэл ердөө 17 хувиар өссөн нь хангалтгүй үзүүлэлт юм.

Технологийн дэвшлийн түвшин манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр доогуур, түүн дээр ажиллах мэргэжилтэн дутмаг байгаа нь бүтээмжийг бууруулж буй нэг гол хүчин зүйл болжээ.

Сүүлийн 15 жилийн хугацаанд бэлтгэсэн мэргэжлийн чиглэлүүдийг харьцуулж үзвэл худалдаа, бизнесийн удирдлагаар маш их боловсон хүчин бэлтгэсэн нь өнөөдөр ихээхэн илүүдэлтэй болсон байна. Гэтэл инженерийн чиглэлээр багагүй мэргэжилтэн бэлтгэж байгаа ч эрэлтээ хангахгүй байгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал н.Батбаатар хэллээ.

Цаашид бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн макро бодлогын зөвлөлийг УИХ болон Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэчлэн батлах, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.


Инженерийн чиглэлээр бэлтгэсэн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байна  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй