Шууд Chart

Нарендра Моди: БНЭУ-ын эдийн засгийг дэлхийд гуравдугаарт жагсдаг болгоно

2024-04-05 15:06:33

Дэлхийн хамгийн олон хүн амтай, дэлхийд эдийн засгаараа тавдугаарт жагсдаг Энэтхэг улсад парламентын сонгуулийн сар эхэлж байна.

Одоо эрх барьж байгаа нам болоод Засгийн газрын тэргүүн Нарендра Моди гурав дахь удаагаа сонгогдохдоо итгэлтэй байгаа гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Нарендра Моди дахин сонгогдож гарч ирэхдээ хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон зорилтууд тавьсан гэж Засгийн газрын баримт бичигт дурджээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн төрийн тэргүүн байхдаа эдийн засгийн хувьд энэ улсыг маш их хөгжил рүү түлхсэн гэж онцолж байсан юм.

Энэ удаагийн сонгуулиар Нарендра Моди болон түүний "Бхаратъя Жаната" нам дэлхийд тавдугаарт жагсдаг эдийн засгаа гуравдугаарт жагсдаг болгоно гэж амласан.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд ялж, 2030 он хүртэл Засгийн газрын тэргүүн хэвээр үлдвэл Энэтхэгийн эдийн засгийг 6.7 тэрбум доллар болгож тэлнэ гэж төлөвлөж байгаа аж.

Энэ төлөвлөгөөгөө мөн тавдугаар сар гэхэд холбогдох байгууллагаар хүлээн зөвшөөрүүлж батлуулна гэж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Энэтхэгийн эдийн засаг 3.5 тэрбум доллараар эргэлддэг байгаа юм. Эдийн засгаа бараг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтдоо хүрэхийн тулд ямар нарийн аргачлал, замыг сонгох тодорхой болоогүй. Гэхдээ Нарендра Модигийн нам ерөнхий зургаа гаргаад амжжээ.

Нарендра Моди таван жилийн өмнө дахин сонгогдож, хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн. Тухайн үед Нарендра Моди сонгогдон гарч ирэхдээ Энэтхэгийн эдийн засгийг 2024 оны санхүүгийн жилд таван тэрбум америк долларт хүргэнэ гэж амлаж байсан ч ковид цар тахлын улмаас энэ төлөвлөгөөнд нь саад учирсан гэж дүгнэдэг.

Ирэх зургаан жилд Нарендра Модигийн Засгийн газар нэг хүнд ногдох сарын дундаж орлогын хэмжээг 2500-аас 4500 доллар болгож өсгөнө гэсэн зорилго мөн тавьсан байна.

Уг мэдээллийг "Ройтерс" агентлагийн эх сурвалж Энэтхэгийн Засгийн газрын баримт бичигтэй танилцаж уламжилжээ.

Нарендра Модигийн дэвшүүлсэн эдийн засгийн зорилго, зорилтуудтай танилцсан Энэтхэгийн шинжээчид хэрвээ бодит ДНБ 6-6.5 хувиар өсвөл инфляц 4.5 хувь дээр гацаж, Энэтхэг рупи долларын эсрэг сулрах хэмжээ нь жил бүр 1-1.5 хувь дээр тогтох боломжтой гэж тооцоолж байна.

Ингэснээр Энэтхэгийн эдийн засаг ирэх долоон жилд хоёр дахин өсөх боломжтой гэж дүгнэж байна.

Гэхдээ одоогоор энэ эдийн засгийн томоохон зорилтыг биелүүлж, тогтвортой авч явахад бүтцийн хувьд ямар шинэчлэл хийгдэх ёстойг Засгийн газар нарийвчилж тодорхойлоогүй гэж Энэтхэгийн эдийн засагчид дурджээ.

Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Энэтхэгийн эдийн засаг бусад томоохон хөгжингүй орнуудтай харьцуулахад хамгийн хурдан өссөн эдийн засаг болжээ.

2023 оны гуравдугаар сараас 2024 оны гуравдугаар сарын хугацаанд Энэтхэгийн эдийн засаг найман хувиар өссөн байна.

Аж үйлдвэр, бүтээн байгуулалтын салбарын бүтээмж өндөр байсны ачаар эдийн засаг ингэж их хэмжээгээр өсжээ.

Энэтхэгийн Сангийн яамны томоохон албан тушаалтан байсан хүмүүс энэ тооцоог урвуу арифметик тооцооллоор гарч ирсэн дүн, эдийн засгийн өсөлт бүтцийн хувьд шинэчлэл дутуу, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө сул байгаа хэвээр байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэр, цаасан дээрх эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч яг бодит байдал дээр нүдэнд харагдаж байгаа шинэчлэл дутуу байна гэж үзэж буй юм байна.

Сөрөг хүчнийнхэн Нарендра Моди болон тэдний намын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг дүгнэхдээ шинээр ажлын байр бий болгож, иргэдийн нуруун дээрх дарамтыг багасгаж чадаагүй. Харин ч баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсэн жилүүд байлаа гэж шүүмжилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нарендра Моди: БНЭУ-ын эдийн засгийг дэлхийд гуравдугаарт жагсдаг болгоно  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй