Шууд Chart

Шувууны ханиадны хамрах цар хүрээ нэмэгдэж байна

2024-04-05 16:08:43

Сүүлийн 2-3 жил шувууны ханиад эрчимтэй нэмэгдэж, аж ахуйн тэжээвэр шувууд ч өвчилж, дэлхийн шувууны аж ахуйд ноцтой аюул учруулсаар байна.

2024 он гарснаас хойш шувууны ханиад урьд хүрч байгаагүй Антарктид тивд хүртэл гарч, дэлхийн дахины анхаарлыг татах боллоо.

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага шувууны ханиадны цар хүрээ улам тэлж, шувууны ханиадаар өвчлөх төрөл зүйл эрчимтэй нэмэгдэж, цаашлаад хүний эрүүл мэндэд ч аюул учруулж болзошгүй байдалд хүрлээ гэж мэдэгджээ.

Энэ долоо хоногт АНУ-ын Техас мужид шувууны ханиадны H5N1 вирусээр халдварласан үнээний сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн нэг хүнээс шувууны ханиад илэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор үнээнээс үнээнд шувууны ханиад дамжсан байж болзошгүй эрсдэлийг шалгаж байна гэж мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдээд байгаа шувууны ханиад нь ихэнх тохиолдолд зэрлэг нүүдлийн шувуудаар дамжиж хэдэн зуун сая шувуунд халдварлаж байсан юм.

Он гарснаар хойш эхний улиралд дэлхийн бусад хэсэгт шувууны ханиадны халдвар харьцангуй буурсан байсан ч вирус энэ хүрээд зогссонгүй. Шинэ газар орон нээж, Антарктид буюу Өмнөд туйлд шувууны ханиад хүрсэн гэсэн мэдээлэл байна.

Өмнөд туйлын цахлайнд анх илэрсэн шувууны ханиад цаашлаад хэдэн мянгаараа нэг доор сүрэглэн колон болж амьдардаг оцон шувуудыг халдварлуулж, тоо толгойд нь сөргөөр нөлөөлөх вий гэж олон улсын эрдэмтэд санаа зовнин ажиглаж байсан.

Шувууны ханиад нь дээрээс нь дан ганц шувууг өвчлүүлээд зогсохгүй араатан амьтдад халдварладаг. Одоогоор үнэгнүүд хамгийн их шувууны ханиадаар халдварласан байна.

Мөн муур, бар, далайн хав, далайн гахай, баавгай зэрэг амьтдаас ч илэрчээ.

Фермийн амьтдаас үхэрт ийнхүү энэ долоо хоногт илрээд байна. Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэгүүд шувууны ханиадны тархах цар хүрээ, хамрах зүйлийн тоо нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлцгээсээр байна.

Өнгөрсөн хугацаанд шувуутай харьцсан хүмүүс шувууны ханиадны зарим өөр төрлийн вирус авч, хүнд өвчилж байсан тохиолдлууд бүртгэгдэж байсан.

Гэхдээ хүнээс хүнд халдварлаж, хүмүүсийн дунд эрчимтэй дэгдсэн тохиолдол хараахан байхгүй байна.

Ихэнх хүн халдвар авсан шувуунд ойртдоггүй, ойрхон байх шаардлагагүй учир шувууны ханиад хүмүүсийн дунд дэгдэх эрсдэл одоогоор бага ч огт байхгүй гэсэн үг биш гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.

Аливаа халдварт өвчний вирус мутацид орох нь элбэг. Тиймээс шувууны ханиадны вирус мутацлагдаж хүнд халдахыг үгүйсгэхийн аргагүй гэж үзэж байна.

Европын Хүнсний аюулгүй байдлын агентлагаас шувууны ханиад хүмүүсийн дунд тархвал энэ вирусний эсрэг хүний дархлаа дасан зохицоогүй гэдгийг анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шувууны ханиадны хамрах цар хүрээ нэмэгдэж байна  
Үзсэн: 1526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дуран [127.0.0.xxx] 2024-04-06 01:28
Энэ одоо юу болоод байна вэ Ямар гээчийн ханиад гарах нь энэ вэ

Бидэнтэй нэгдээрэй