Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестины гишүүнчлэлийн өргөдлийг авч хэлэлцэнэ

2024-04-09 14:00:00

Палестин нь олон улсад үндэстэн улс гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй цөөн субьектуудын нэг. Харин Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Палестины тусгаар улсыг тунхаглах асуудал олон улсын анхаарлын төвд эргэн орж ирээд байгаа. Олон улсад тусгаар үндэстэн улс гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох нь ойрын хэлэлцэгдэх асуудал болоод байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Палестины гишүүнчлэлийн өргөдөл хүсэлтийг гишүүнчлэлийн бүртгэл хариуцсан комиссдоо шилжүүлэн өгсөн байна.

Палестин нь хэдийгээр НҮБ-ын бүрэн эрхт гишүүн биш ч ажиглагчийн статустай хурал чуулганд нь оролцож, байр сууриа илэрхийлдэг. НҮБ аливаа улсын гишүүнчлэлийг Аюулгүй Зөвлөлийн 15 орны санал зөвлөгөөн дээр үндэслэж шийдвэрлэдэг тогтолцоотой. Энэ сард НҮБ-ыг даргалж байгаа Мальта улсын НҮБ-д суух байнгын төлөөлөгч Ванеса Фразьер Даваа гарагийн үдээс хойших комиссын уулзалт дээр Палестины өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлэн өгч байгаагаа мэдэгдсэн байна. Мөн гишүүнчлэлийг нь хүлээн авч эцсийн шийдвэр гаргах хугацааг энэ сардаа багтаах ёстой гэж мэдэгджээ. Палестины НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Риад Мансур Палестин анх НҮБ-ын ажиглагчийн статустай болсноос хойш 12 жилийн дараа ийнхүү бүрэн эрхт гишүүн нь болох өдөр ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Палестины гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх замаар нэг газар нутагт хоёр улс тогтолцоо буюу Палестины тусгаар улсыг тунхаглахад түлхэц болж өгөх байх гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Палестины засгийн газар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гишүүнээр элсэх өргөдлөө Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан юм. НҮБ-д 193 үндэстэн улс гишүүнээр элсэн орсон байдаг. Палестинтай адилхан ажиглагчийн статустай байдаг субъектээр Гэгээн ширээт улсыг нэрлэж болно. Ажиглагчийн статустай улсыг гишүүнээр элсүүлэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн эхлээд өргөдлийг нь хянаж, гишүүний шаардлага хангахуйц эсэхийг нь нягталдаг. Аюулгүйн Зөвлөл нэг бол өргөдлийг хүлээн авалгүй хойш тавьж болно, эсвэл албан ёсоор зөвлөлийн бүх гишүүний санал хураалт руу шилжүүлж болно. Өргөдлийг зөвшөөрөхийн тулд Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн буюу АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британийн аль нэг нь хориг тавиагүй байх ёстой. Мөн бусад 10 гишүүний багадаа 9 нь зөвшөөрсөн санал өгсөн байх ёстой юм. Даваа гарагт Аюулгүйн Зөвлөлийн гишүүд хаалттай хуралдаж, Палестины өргөдлийг хэлэлцсэн гэсэн мэдээлэл байна.

Палестины төлөөлөгч Мансур тэдний засгийн газар Аюулгүйн Зөвлөлийг 4-р сарын 18 гэхэд эцсийн шийдвэр гаргасан байх хүсэлтэй гэдгийг дамжуулан мэдэгдсэн. 4-р сарын 18-нд Ойрх Дорнодын асуудлаарх сайд нарын уулзалт болно. Тэгвэл Палестины тусгаар улс байгуулагдаж, нэг нутаг, хоёр улс гэсэн тогтолцоог эсэргүүцдэг Израил улсын тухайд Палестин тусгаар тогтнож, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор Израилын үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэж үздэгийг НҮБ дахь Израилын байнгын төлөөлөгч Гилад Эрдан энэ удаад дахин НҮБ-д санууллаа. Мөн НҮБ-д дүрэмд харшилсан хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж, НҮБ олон жилийн турш Ойрх Дорнодын энх тайван байдлыг алдагдуулж ирсэн, өнөөдрийн энэ өргөдөл хүлээн авах процесс энэ бүс нутгийн энх тайвныг эгнэгт алдуулахын эхлэл боллоо гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестины гишүүнчлэлийн өргөдлийг авч хэлэлцэнэ  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй