Шууд Chart

Европын холбоо: “Тикток” аппликейшн улс төрчдийн дунд эрэлттэй байна

2024-04-09 14:30:01

Ирэх 6-р сард Европын Холбооны парламентын сонгууль болно. Сонгуульд өрсөлдөх улс төрчдийн пиар аль хэдийн эхэлсэн байна. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь улс төрчид цахим орчимд маш идэвхтэй байна. Тэр дундаа ТикТок аппликейшныг улс төрчид өнгөрсөн жилүүдээс илт идэвхтэй ашиглаж байна. Сингапур гүйцэтгэх захиралтай, Хятадын компани дийлэнх хувьцааг нь эзэмшдэг ТикТок аппликейшныг Европ болон АНУ-д хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулдаг байж болзошгүй гэж ихээхэн сэрэмжилдэг ч сонгуулийн улирал дөхөхтэй зэрэгцэн энэ аппликейшнд хандах бодит дүр зураг өөр байгааг олон улсын агентлагууд онцолж байна.

ТикТок аппликейшн хэдийгээр Сингапур үүсгэн байгуулагчтай ч дийлэнх хувьцааг нь Хятадын ByteDance технологийн компани эзэмшдэг. Барууны орнуудын эрх баригчид ТикТокын хамгийн олонх хувьцааг эзэмшдэг энэ компанийг Хятадын засгийн газард хэрэглэгчдийн мэдээллийг өгдөг байж болзошгүй гэж сэрэмжилж байгаа. АНУ дээд шүүхээс хүртэл Тикток болон өөр бусад хэд хэдэн дэлхийн томоохон технологийн компанийн захирлыг дуудаж, сонсгол зохион байгуулсан. Мөн ByteDance компанийг хувьцаагаа зарахыг ч санал болгоод амжсан. Европын Холбооны гишүүн орнуудын холбогдох дээд байгууллагуудаас ч Тиктокоос сэрэмжлэхийг зөвлөсөн мэдээлэл гаргасаар байгаа. ТикТок аппликейшны зүгээс харин эдгээр улсуудын байр суурийг үгүйсгэж, хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаггүй гэж амласаар байгаа юм. Үүнийгээ батлахын тулд өнгөрсөн жил ТикТок Европын Холбооны хэрэглэгчдийн мэдээллийн сантай сайтыг Ирланд улсын нийслэл Дублинд нээж, мэдээлэл нь хэрхэн хөрвөж байгаа, ТикТок мэдээллийг нь цуглуулж, цааш дамжуулдаггүй гэдгээ батлах гуравдагч аюулгүй байдлын хянагчийг ажиллуулах болсон. Хэрэглэгчдийн мэдээллийг цааш дамжуулж байж болзошгүй гэх сэжигт холбогдсон ByteDance компани болон Хятадын засгийн газрын зүгээс аль аль нь хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг, хэрэглэгчийн хаягаар тагнуулддаг зэрэг нь ор үндэсгүй сэжиг, тийм зүйл огт байхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл Тиктокын эргэн тойрон дэх эдгээр асуудал, заргыг үл харгалзан Европын улс төрчид энэ аппликейшныг ихээр ашигласаар байна. Ирландын хамгийн залуу сайд нарын нэг Саймон Харрис өөрийн хамгийн дуртай цахим платформоор Тиктокыг нэрлэсэн байна. Түүний Тикток хаяг 95 мянган дагагчтай юм байна.

Тэрээр голчлон залуусын хэрэглэдэг энэ аппликейшныг улс төрчид идэвхтэй ашигласнаар сонгуульд энэ насныхны оролцоог нэмэгдүүлж чадна гэж үздэгээ илэрхийлж байсан удаатай. Франц улсын ерөнхийлөгч Эммануел Макрон 2020 онд Тиктокт нэгдсэнээсээ хойш 4 сая дагагчтай болжээ. Германд улс төрчид Тикток ашиглах нь шинэ төрлийн тренд болж байна. Германы эрүүл мэндийн сайд Карл Лаутербах Тиктоктой болсон анхны Герман улс төрч болсон байна. Эрх баригч намын гишүүн тэрээр энэ их хэрэглэгчтэй платформ дээр өрсөлдөгч Германы альтернатив намын ард хоцрох ёсгүй гэж уриалсан байна. Германы эрх баригч намын улс төрчид Инстаграм дээр идэвхтэй байдгаараа алдартай. Харин сөрөг хүчний хамгийн нөлөөтэй нам болох Германы Альтернатив нам Тикток дээр илүү нөлөөтэй буюу 411 мянган дагагчтай юм байна. Их Британийн улс төрчид ихэнх нь Тикток хаягтай, эсвэл Тикток бичлэгт орж байсан удаатай. Бельги улс улс төрийн албанынхан, төрийн албанынхны ажлын компьютероос Тиктокт хандахыг хориглосон ч улс төрчид өөрийн хувийн төхөөрөмж дээр энэ аппликейшныг ашигласаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо: “Тикток” аппликейшн улс төрчдийн дунд эрэлттэй байна  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй