Шууд Chart

Европын Холбоо дүрвэгсдийн асуудал зохицуулах журмыг батлав

2024-04-11 15:29:40

Европын Холбоо сүүлийн хэдэн жилийн турш дүрвэгсдийн асуудал зохицуулах журмыг батлах үгүйгээ шийдэхээр зөвшилцсөөр байсан. Эцэст нь энэ журмыг баталж байгаагаа мэдэгдсэн байна.

Европын Холбооны Цагаач дүрвэгсдийн тухай хууль 2015 оноос хойш эцэслэн батлагдаагүй ажлын хэсгийн шатандаа явсаар байсан юм. Эцсийн шийдвэр гарсан тул энэ хууль ирэх хоёр жилдээ багтаад хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж Европын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ хуулийн дагуу дүрвэгч, орогнол хүсэгчдийн асуудлыг илүү түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болж, мөн хууль бусаар шилжин ирэгсдийг нутагт нь буцаах ажиллагааг эрчимжүүлэх боломжийг олгох юм байна.

Европын Холбооны гишүүн орнууд мөн уг хуулийн дагуу орогнол хүсэгч, дүрвэгчдийн асуудлыг хариуцлагатайгаар шийдэх үүрэг хүлээнэ.

Өнгөрсөн 2023 онд Европын Холбооны хилээр 380 мянга гаруй хүн хууль бусаар нэвтрэн орсон гэсэн тоон мэдээлэл байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт юм.

Европын Холбооны парламент энэ хуулийг гишүүн орнууд бүгд нэгэн зорилгоор эвсэн нэгдэх боломжтой уян хатан хууль гэж тодорхойлсон байна.

Хэдийгээр гишүүн орнуудын зарим нь энэ хуулийг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байгаа ч дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд олонхын саналаар энэ хууль бүрэн хүчин төгөллөр болно гэсэн итгэлтэй байгаа юм.

Цагаач дүрвэгсдийн хуулийн дагуу холбооны гишүүн 27 улс хил дагуух Итали, Грек, Испани зэрэг улсаас цагаач дүрвэгсдийг нь хүлээн авна.

Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол Цагаач дүрвэгсдийн санд нэмэлт хөрөнгө оруулах ёстой гэж зааж өгчээ. Мөн хүлээн авахад бараг боломжгүй шаардлага хангаагүй цагаачлал хүсэгчдийн мэдүүлгийг дотооддоо удаан шалгаад байх биш, нэн даруй шийдвэрлэн цохдог болно гэж заажээ.

Орогнол хүсэгчдийн мэдүүлгийг 12 долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд шийддэг болно гэж дурджээ.

Хэрвээ хүсэлтийг нь хэрэгсэхгүй болбол орогнол хүсэгч дүрвэгчийг мөн 12 долоо хоногийн хугацаанд эх нутагт нь эгүүлэн албадан буцаана гэж заасан байна.

Цагаачлахаар хил дээр ирж хүсэлт гаргаж байгаа хүмүүсийг 7 хоногийн дотор анхан шатны үзлэг буюу хувийн бичиг баримт, эрүүл мэндийн үзүүлэлт, аюулгүй байдлын хянан шалгалтад оруулах юм байна.

Зургаагаас дээш насны цагаачлахаар ирсэн хүмүүсийн мэдээллийг хадгалж, цагаачдын урсгал огцом нэмэгдэх үед шаардлагатай арга хэмжээ авах процедурыг багтааж өгчээ.

Цагаач дүрвэгсдийн тухай хуулийг Европын хоёр том нам эвсэл дэмжиж гаргаж ирж байна. Үүнд баруун төвийн Европын ардын нам эвсэл, зүүн төвийн Социалист Демократ холбоо багтаж байна.

Энэ хоёр нам ирэх зургаадугаар сард болох Европын Холбооны парламентын сонгуулиар хэт барууны нам, эвслүүд олонх болохоос сэрэмжилсэн байдалтай байгаа гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Германы Канцлер Олаф Шольц Цагаач дүрвэгсдийн хуулийг баталж байгаа түүхэн үйл явдлыг сайшаасан бол Европын Холбооны парламентын дарга Роберта Метсола энэ шинэ хууль холбооны гишүүн орнуудын эвлэлдэн нэгдсэн ашиг сонирхол, үүрэг, хариуцлагыг сайтар хослуулж чадсан хууль боллоо гэж дүгнэсэн байна.

Мөн хэдийгээр энэ хуульд нүд ирмэх зуур бүх асуудлыг шийдэж чадахгүй ч хангалттай урагшилсан алхам байж чадлаа гэж олзуурхжээ.

Харин Унгар улс Цагаачдын хуультай ч бай, үгүй ч бай хууль бус цагаачдыг оруулахгүй гэж мэдэгдсэн бол Польшийн Ерөнхий сайд Доналд Туск Цагаачдын хуулинд заасан орогнол хүсэгчдийг зохицуулах, хил дагуух улсуудад сангийн дэмжлэг үзүүлэх талаар тусгасныг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж мэдэгджээ.

Энэ хуулийг гишүүн орнуудын олонх дэмжиж байгаа ч зарим нь энэ хууль “төгс төгөлдөр” хууль биш гэдгийг санах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

Словенийн Ерөнхий сайд Цагаачдын хууль бол гишүүн орнууд хамтарч ажиллаж чадна гэдгийг харуулсан баримт бичиг гэж дүгнэсэн байна.

Бельгийн Ерөнхий сайд ч мөн энэ хуулийг төгс биш ч дэмжиж санал өгсөн гэж мэдэгджээ.

Европын хэт зүүний болон хэт барууны туйл жигүүрүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо дүрвэгсдийн асуудал зохицуулах журмыг батлав  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй