Шууд Chart

ИБУИНХУ Украин улстай зэвсэг хамтран үйлдвэрлэх гэрээ байгуулав

2024-04-11 15:47:51

ОХУ-тай дайтаж байгаа Украин улс дотоодын зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр Европын улс орнуудтай холбоо байгуулахаар ажилласаар байна.

Түүний нэг жишээ болж Украин улс Их Британи улстай зэвсэг хамтран үйлдвэрлэх гэрээ байгуулсан гэж Киев мэдэгдлээ.

Украины нийслэл Киев хотноо Цэргийн аж үйлдвэрийн бага хурал болсон. Энэ бага хуралд Их Британийн батлан хамгаалах зэвсэг техник үйлдвэрлэгч 30 компанийн төлөөлөл очиж оролцсон байна.

Бага хурлын үеэр хоёр улс зэвсэг хамтран үйлдвэрлэх баримт бичигт гарын үсэг зуржээ.

Энэ удаагийн баримт бичиг нь Украин болон Их Британийн Засгийн газрын хооронд хамтын ажиллагааны шугамаар байгуулж байгаа анхны гэрээ гэж Украины Стратеги аж үйлдвэрийн сайд Олександр Камишин олзуурхан тэмдэглэсэн байна.

Их Британийн Худалдааны бодлогын сайд Грег Хайндс хоёр улсын Загсийн газрын хоорондох энэхүү гэрээ нь Украинд дайны талбарт хүчээ нэмэгдүүлэхэд тусалж, басхүү хямраад байгаа эдийн засгаа сэргээхэд нь туслах томоохон нөлөөтэй баримт бичиг байна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу гэнэт халдан довтолж, дайн эхэлснээс хойш хоёр жил гаруйн хугацаанд нүсэр цэрэг зэвсгийн нөөцтэй дайтагч эсрэг талтайгаа харьцуулахад Украин улс цэрэг зэвсгийн аль ч хүчээр маш их тарамдаж, хямарсан. Украин улсад барууны орнуудын үзүүлэх санхүү, цэргийн тусламж тодорхойгүй, гацаанд орсон байгаа энэ үед Украин улс дайны талбарт тэсэж үлдэхийн тулд барууны орнуудтай эдийн засгийн салбарт хамтарч, дотоодын зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Их Британийн батлан хамгаалах зэвсэг техник үйлдвэрлэгч "BAE systems" компани Украинд орон нутгийн салбар ажиллуулдаг. Тус компани Британийн Батлан хамгаалах яамтай хамтарч гэрээ байгуулан, Украинд их бууны үйлдвэрлэл, засварын үйлчилгээ явуулахад хамтарч ажиллахаар тохироонд хүрчээ.

Цаашлаад хоёр улс хамтарч дроны үйлдвэрлэл дээр илүү их хамтарч ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Украинд болж байгаа бага хуралд оролцсон Их Британийн зэвсэг үйлдвэрлэгч компаниудын дийлэнх нь дрон үйлдвэрлэгчид байжээ.

Украин улс 2024 онд шууд дамжуулагч камертай 1 сая дрон дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавиад байна.

Мөн Оросын гүн рүү довтлохын тулд холын зайн тусгалт дроны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ Украин улстай зэвсэг хамтран үйлдвэрлэх гэрээ байгуулав   
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй