Шууд Chart

БНФУ хамгаалалтаа чангатгав

2024-04-11 16:02:50

Өнгөрсөн сард болсон ОХУ-ын Москва хот дахь "Исламын улс" бүлэглэлийн нэрийн доорх алан хядах ажиллагаанаас улбаатай Европын орнуудад "Исламын улс" бүлэглэлийн болзошгүй аюулаас сэрэмжлэх байдал нэмэгдээд байна.

Энэ жил Парисын олимп болон хэд хэдэн спортын томоохон наадмыг зохион байгуулах Франц улс харуул хамгаалалтаа чангатгажээ.

Лхагва гарагт Парис хотноо Аваргуудын лигийн хагас финалын тоглолт болсон. Энэ үеэр Парисын баруун өмнөд хэсэгт цагдаа нар олноор цуглаж хараа хяналтаа чангарууллаа.

"Исламын улс" бүлэглэлийг дэмждэг нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Франц дахь дэмжигчидтэйгээ холбогдсон. "Исламын улс" бүлэглэлийг дэмжигчид дэлхий даяар Москвагийн халдлагаас хойш нэлээд урам зориг авсан гэсэн мэдээлэл түгээсэн байна.

Энэ мэдээллийн улмаас Франц улс болзошгүй аюулд бэлтгэсэн гэж Дотоод хэргийн сайд Жералд Дарманин тайлбар өгчээ.

Францын Дотоод хэргийн сайд "Исламын улс" бүлэглэлийн болзошгүй аюулыг үндэсний хэмжээний ноцтой заналхийлэл гэж тодорхойлсон байна.

Гэхдээ "Исламын улс" бүлэглэлийн хэт үзэлтнүүдийн аюул шинэ тутам гарч ирж байгаа аюул биш гэдгийг онцолжээ.

Францын хууль сахиулагчид өнгөрсөн хугацаанд Исламын хэт даврагч үзэлтнүүдтэй тэмцэж ирсэн. Он гарснаас хойш Францын цагдаа нийт хоёр халдлагыг таслан зогсоосон, мөн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд "Исламын улс" бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 5 сэжигтнийг баривчилсан гэсэн мэдээлэл байна.

Францаас гадна Европын улс орнууд "Исламын улс" бүлэглэлийн аюулаас ихээхэн сэрэмжлэх боллоо. Европт энэ зун соёл, спортын олон үйл ажиллагаа болно. Тэр ч утгаараа Засгийн газруудын санаа зовнил нэлээд өсөн нэмэгдсэн байна.

Ялангуяа Москва "Сити холл"-ын дайралтын дараа энэ хэргийг үйлдсэн гэж өөрсдөө баталсан "Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь жигүүрээс ихэд болгоомжилж байна.

Германд гэхэд энэ зун Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ соёл, спортын томоохон ажиллагааны үеэр дотоодод үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолж, хилийн хяналт шалгалт хүртэл явуулж эхэлжээ.

Сүүлийн хэдэн сарын турш Германд "Исламын улс" бүлэглэлийг дэмжигчдийн хэд хэдэн террорист үйл ажиллагааг таслан зогсоосон гэж Германы цагдаа нар мэдэгдэж байна.

Тэр дунд шинэ оны өмнөх өдөр Германы Көльн хотын Көльн сүмийн халдлагыг таслан зогсоосныг дурдаж болох юм.

Франц зуны олимпын үеэр аюулгүй байдлыг сахин хамгаалах ажиллагааг иргэд олон нийтийн аюулгүй байдал, тайван амгаланг алдагдуулахгүйгээр зохион байгуулах нь томоохон зорилго болоод байна.

Парисын олимп 100 гаруйхан хоногийн дараа эхэлнэ. Олимпын нээлтийн ёслолыг Парис хотын дундуур урсдаг Сень голын эрэг дагуу зохион байгуулна гэж Парисын олимпыг зохион байгуулагчид мэдэгдсэн.

Урьд хожид үзэгдээгүй ийм олон нийтийн зай талбайг хамарсан нээлтийн ёслолын үеэр "Исламын улс" бүлэглэлийн дэмжигчдийн аюул хамгийн тод илрэх эрсдэлтэй гэж хууль сахиулагчид нь үзэж байна.

Харин Францын зарим хэвлэлүүдээр халдлага болоогүй байхад "Исламын улс" бүлэглэлийн аюулд эртнээс ингэж бэлдэж, хэт их ач холбогдол өгч байна. "Исламын улс" бүлэглэл аль хэдийнэ Францын зүрхэнд оржээ гэж дүгнэж байгаа нь харагдана. Францын аюулгүй байдал судлаачид Франц шиг ардчилсан улс айж мэгдэж байгаагаа ийм ил тод илэрхийлэх нь зохисгүй. Үгүй бол алан хядагчдын хүсээд байгаа терроризмын уур амьсгал, үл итгэлцлийн уур амьсгал маш их ихсэж, тэдгээр бүлэглэлүүдийг гол зорилго биелэж байгаа хэрэг болно гэж үзэж байна.

Өнгөрсөн 10-аад жилд Франц улс Исламын хэт даврагчдын үйлдсэн хэд хэдэн алан хядах, террорист ажиллагаанд өртсөн. Тийм ч учраас тус улсын эрх баригчид одоо тохиолдоогүй байгаа болзошгүй эрсдэлд ихээхэн ач холбогдол өгч байна гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байна.

Энэ зуны олимпын үеэр 20 мянган цэрэг, 40 мянган цагдаа оролцож, хамгаалалтад гарна гэсэн мэдээлэл байна.

Франц улс "Исламын улс" бүлэглэлээс сэрэмжилж байгаагаас гадна одоо Украинтай дайтаж байгаа ОХУ-ын болзошгүй аюулаас сэрэмжилж байгаа гэж тус улсын хэвлэлүүд бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ хамгаалалтаа чангатгав   
Үзсэн: 2432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй