Шууд Chart

БНСУ, БНХАУ, Японы дээд түвшний уулзалт тавдугаар сарын 26-27-нд болж магадгүй

2024-04-11 16:17:22

Япон, Өмнөд Солонгос, Хятад гурван улсын дээд түвшний уулзалт ирэх тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд болж магадгүй байна.

Японы өдөр тутмын “Йомури шимбун” сонин энэ үйл явдалд ойр эх сурвалжаас иш татан мэдээлснээр, удаан хугацаанд тасарсан энэ гурван талт уулзалтыг зохион байгуулахтай холбоотой яриа хэлэлцээ эцэслэж дуусах шат руугаа оржээ.

2008 оны Фукуокагийн уулзалтаас эхэлж жил бүр тогтмолжоод байсан Өмнөд Солонгос, Хятад, Японы удирдагчдын уулзалт хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Хятадын Чэндү хотод болсон байдаг юм байна.

Үүнээс хойш ковид цар тахал, мөн 1910-1945 оны хоорондох Солонгосын хойгийн эзлэн түрэмгийллийн үед Японы компаниудад албадан хөдөлмөр эрхэлж байсан солонгос иргэдэд нөхөн төлбөр олгох асуудалтай холбоотойгоор Сөүл, Токиогийн харилцаа хурцадсаны улмаас энэ гурвалсан бүтэц сүүлийн 4 жил хагасын туршид зогсонги байдалд оржээ.

Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард гурван улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалтаас дээд түвшний уулзалтыг яаравчлах тохиролцоонд хүрсэн байдаг.

Одоо болох уулзалтаар Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар, энэ гурвалыг одоо даргалж байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзаж, Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг бүс нутгийн асуудлууд, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг голчилж хэлэлцэх төлөвтэй байгаа юм байна.

Зүүн Азийн хамгийн том эдийн засагтай энэ гурван улс хамтдаа дэлхийн ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг. Тиймээс хоорондоо харилцан уялдаатай, нийтлэг ашиг сонирхол бүхий эдгээр улс гурван талт дээд түвшний уулзалтаа сэргээх нь бүс нутгийн хамтын ажиллагаа болон тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.

Үүний зэрэгцээ уг гурвалыг даргалж байгаа Өмнөд Солонгос улсын зүгээс 3 талт дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажилд ихээхэн хүчин чармайлж гаргаж сэргээхийг чармайж байгаа, энэ уулзалтын товыг тохирсон гэдэг албан бус мэдээллийн тухайд, энэ тал дээр яльгүй хойрго хандлага харуулдаг Хятадын талтай зөвшилцсөний дүнд хүрсэн үр дүн гэдгийг Өмнөд Солонгосын хэвлэлд дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ, БНХАУ, Японы дээд түвшний уулзалт тавдугаар сарын 26-27-нд болж магадгүй   
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй