Шууд Chart

Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө

2024-04-11 16:58:54

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар уулзалт хийлээ.

Уулзалтад оролцож буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлаа нийслэлийн удирдлагуудад уламжиллаа.

Зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл н.Ганзориг:

-Энэ салбарын бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын дарамт байна. Үүн дээр нэмээд өндөр хүүтэй зээл, түрээсийн дарамтад өртөж байна. Жишээ нь, анх сарын 5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор сарын 18 сая төгрөг болж өссөн. Бүр 27 саяас 88 сая хүртэл түрээсийн төлбөрөө нэмсэн жишээ ч бий. Түрээсээ төлж чадахгүй бизнес нь дампуурч байгаа аж ахуй нэгжүүд их байна. Энэ зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Улсаараа  хөгжлийн доройтолд орж байгаа хэлбэр шүү. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийм дарамтад өртөж дампуурвал улсын эдийн засаг, татварын орлогод томоохон хүндрэл учруулна.

“Блүфин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга:

-Татварын өрөө тэглэсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл сунгана гэх асуудал бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Бид 100 хувь хүчин чадлаараа ажиллаад энэ татварыг төлөхгүй, зугтаагаад байгаа юм биш. Ковидын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хүндрэлээсээ одоо ч гарч чадахгүй байна. Ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй цалингийн зардлын нэмэгдэл, цахилгааны хязгаарлалт ч үүнд нөлөөлж байгаа. Өчигдөр л гэхэд эд цайны цагийн үеэр буюу 11:00-15:00 цагийн хооронд бүтэн дөрвөн цаг цахилгаан хязгаарласан. Өмнөх долоо хоногт нь 10:00-17:00 цагийн хооронд цахилгаан тасалсан. Үүнээс үүдэж өдрийн орлогынхоо 60-70 хувийг алдахаас гадна цалингийн зардал, түрээсийн зардал зүгээр урсаж байх жишээтэй. Энэ мэтчилэн асуудлаас үүдэж татварын өртэй болсон газрууд их бий.

Монголын Ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх:

-Манай салбарт 4000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 55000 хүн ажиллаж байна. Холбооны зүгээс цар тахлын дараа НЗДТГ хамтран нэлээдгүй ажлыг хийж байгаа. Тухайлбал, зочлох үйлчилгээний салбарыг үе шаттайгаар нээж, гудамжны буюу явуулын хоолны соёлыг түгээж, 50 аж ахуйн нэгжийн 50 тогоочийг гадаадад мэргэшил дээшлүүлэх боломжоор хангах гэхчлэн олон ажил хийж байна. Харин одоо бидэнд татварын өрнөөс шалтгаалсан тусгай зөвшөөрлийн асуудал тулгамдаад байгаа. Мөн хуучны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Сүүлийн 10 жилийн турш хаягжилттай холбоотой дөрвөн шийдвэр гарсан. Үүнээс шалтгаалж хэдэн саяар дахин дахин хаягаа өөрчлөх шаардлага үүсдэг. Тиймээс нэг стандарт тогтоож өгөөрэй. Мөн шийдвэр гаргахаасаа өмнө иймэрхүү байдлаар мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэйгээ зөвлөлдөж байгаасай гэж хүсэж байна.

Зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл н.Бат-Ирээдүй:

-Бар, ресторан, караоке, кофе шоп ажиллуулахын тулд мэргэжлийн өндөр түвшний гал тогоотой байна гэдэг. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авч чадахгүй байна. Зөвхөн тусгай зөвшөөрөл авахын тулд огт ашиглагдахгүй 30-40 сая төгрөгийн гал тогооны төхөөрөмж авч байна. Гэвч үүнийг шөнийн цагаар ашиглах тогооч нарын боловсон хүчин дутмаг, зах зээлийн эрэлт бага байна. Тиймээс уг стандартаа эргэн харахыг хүсье.

Энэ мэтчилэн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд татварын өр, тусгай зөвшөөрлийн хязгаарлалт, хаягжилт, боловсон хүчин, төрийн хяналт шалгалт, хүнд суртлын талаар санал бодлоо хуваалцаж байлаа. Хотын дарга бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй асуудлуудыг сонсож, газар дээр нь боломжит шийдлүүдийг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Хуучны байрнууд буюу дахин төлөвлөлтөд орохоор тогтоогдсон байршлуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар түр хугацаанд сунгаж, Ковидын дараа эдийн засгийн хямралаас гарах гэж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлагагүй хяналт шалгалт хийхгүй байхыг төрийн албан хаагчдад уриалмаар байна. Мөн мэргэжлийн гал тогоотой байх гэх стандарт, дүрэм байхгүй. Харин “халуун, хүйтэн хоолоор үйлчилнэ” гэж хуульд тусгасан. Шөнийн цагаар баар, караокегоор үйлчлүүлж буй иргэд хүргэлтийн хоол захиалаад идэх боломжтой. Тиймээс дээрх стандартад баригдалгүй тусгай зөвшөөрлөө сунгуулж болно. Үүн дээр холбогдох төрийн байгууллагууд уян хатан хандах ёстой. Татварын асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал, татварын өрийн төлөлтийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрлийг олгох асуудлаар Татварын ерөнхий газар, Сангийн яамтай зөвшилцөнө. Дээрх байгууллагуудын зүгээс уг асуудлыг дэмжвэл тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар олгоно гэв.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд харьяалагддаг хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд хуваарилсан. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас эхлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлээд буй. Цаашид дүүрэгт төвлөрч буй зарим аж ахуйн ажлыг хороодод хуваарилж, төрийн үйлчилгээг хүнд суртал багатай, хурдан шуурхай хүргэхэд анхаарч байгааг нийслэлийн удирдлагууд онцолж байлаа.


Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй