Шууд Chart

Суданд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай 25 сая гаруй хүн байна

2024-04-16 10:20:05

Зүүн хойд Африкийн Судан улсад жилийн өмнө зэвсэгт хүчин болоод хувийн цэрэгжсэн бүлэглэл хооронд засгийн эрхийн төлөөх дайн мөргөлдөөн дэгдсэн.

Бүтэн жил үргэлжилж, өнөө хэр эцэслэх төлөвгүй байгаа энэ дайн хямрал Ойрх Дорнод, Украины дайны сүүдэрт өртөж, дэлхий нийтийн анхаарлын гадна орхигдсон байдлыг Европын Гадаад харилцааны сайд нар Парист хэлэлцэж байна.

Суданд нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн санхүүжилтэд дэм үзүүлэхийг энэ уулзалт гол болгон зорьж буй юм байна.

Францын Гадаад харилцааны сайд Стефан Сежурн, Германы ижил зиндааны сайд Анналена Бербок, Европын холбооны Гадаад бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар голлох үүрэгтэй оролцож байгаа энэ уулзалт Парист хаалттай болж буй аж. 

Европын орнуудын гадаад бодлогын тэргүүн нараас гадна Суданы иргэний нийгмийн төлөөлөл, хөрш зэргэлдээ болон Булангийн орнууд, НҮБ зэрэг бүс нутаг, олон улсын байгууллагуудын төлөөллийг өргөн хамруулж байгаа энэ уулзалтаар энхийн үйл явц өрнөх нөхцөл боломж, дайны дараах улс орны дүр төрхийн талаар мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.

Францын Гадаад харилцааны яамны мэдээлснээр Суданы хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд 4.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн НҮБ-ын сүүлд гаргасан тооцоот дүнгээс дөнгөж тавны нэг нь л бүрдсэн байна.

“Энэ дүнг бүхэлд нь бүрдүүлж чадна гэхгүй ч, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг энэ чигт хандуулж чадна гэж итгэж байна” гэж тус яамны төлөөлөгч мэдэгджээ.

НҮБ-ын мэдээгээр 48 сая хүн амтай Судан улс сүүлийн нэг жилийн дотор онц ноцтой хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдэж, 1.8 сая хүн нь хөрш болон өөр бусад улс руу, 6.7 сая хүн дотооддоо дүрвэж цагаачилсан байдалтай байна.

Жилийн өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 15-нд Суданы зэвсэгт хүчин болон “Шуурхай дэмжих хүчин” нэртэй хувийн цэрэгжсэн бүлэглэл хооронд засаглалын төлөө зэвсэгт тэмцэл эхэлсэн. Хот суурин, дэд бүтцийг үлэмж хэмжээгээр эвдэн сүйтгэж, Суданы ард иргэдийг өлсгөлөн гуйранчлалд автуулсан энэ дайны хөлд хэдий тооны хүн амь үрэгдсэнийг нарийн тооцох аргагүй. Мөн дайтагч хоёр тал бие биеэ дайны гэмт хэрэгт буруутгаж, өөрсдийн гэм бурууг үгүйсгэсээр байгаа бол, хүмүүнлэгийн болон эм эмнэлгийн тусламж үзүүлэх боломж хаагдмал одоогийн байдал хэвээр үргэлжлэх нөхцөлд хямрал улам хүндрэхийг ДЭМБ-аас анхааруулсан. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суданд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай 25 сая гаруй хүн байна  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй