Шууд Chart

Ираны довтолгоог хариулах асуудлаар Израил улсын дайны кабинет хуралдав

2024-04-16 15:36:24

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Иран улсын Израил руу явуулсан довтолгоонд хариу барих асуудлаар Израилын дайны кабинет хуралдлаа.

Израилын холбоотнууд Ираны үйлдлийг хурцаар шүүмжилж байгаа ч Израилын Засгийн газрыг энэ удаад тэвчээртэй хандаж, томоохон мөргөлдөөн гаргахаас аль болох зайлсхийхийг уриалсаар байна.

Иран улс энэ асуудлыг энэ хүргээд цэглэе гэсэн байр суурь илэрхийлж байгаа ч Израилын тал уг довтолгоонд хариу барилгүй өнгөрүүлж яав ч болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Уг хуралдаанаар гарсан шийдвэрийг одоогоор олон нийтэд хараахан цацаагүй байна.

Иран улс саяын довтолгоогоо урьдчилж анхааруулж байж үйлдсэн гэж тодотгож байгаа ч Израил болон холбоотнууд нь Иран анхааруулсан зүйл огт байхгүй гэж үзэж байна.

Израилын цэргийн томоохон коммандлагчдын нэг Херзи Халеви Ираныг Израилын газар нутаг дээр олон тооны пуужин, дрон харваж довтолгоо үйлдсэнд заавал хариу барих ёстой гэж мэдэгджээ.

Гэхдээ одоогоор хэзээ, ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Олон улсын шинжээчид Израилыг их хохирол учруулж, Ираныг дахин өдөөх томоохон довтолгоо явуулахгүй. Харин кибер халдлага юм уу, дэд бүтэц, байшин барилгад бага хэмжээний хохирол учруулах хөнгөн цохилт өгөх замаар Иранд сануулга өгөх болов уу гэж харж буй юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан халдлагын талаар дахин сануулбал, орон нутгийн цагаар Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Ираны зэвсэгт тоног төхөөрөмж Израилын өмнөд хэсэгт тусаж хохирол учруулсан.

Ираны бөмбөгдөлтөд өртсөн "Неватим" агаарын хүчний бааз одоогоор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж газар дээр нь байгаа Израилын коммандлагч мэдээлж байна.

Иран улс энэ довтолгоогоо дөрөвдүгээр сарын 1-нд болсон хэрэгт хариу барьсан үйлдэл гэж тайлбарлаж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нутаг дахь Ираны Консулын газар агаарын бөмбөгдөлтөд өртөж, Ираны цэргийн томоохон коммандлагч амь үрэгдсэн юм.

Аливаа улсын нутаг дэвсгэр дээрх дипломат корпус руу халдах нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн хэрэг гэж Иран Израилыг буруутгаж байгаа. Тиймээс ч уг хэргээс хойш Израилд хариуг нь барина гэж мэдээлсээр байсан.

Өнгөрөгч Баасан гарагт Иран улс 48 цагийн дотор ямар нэг довтолгоо үйлдэнэ гэж мэдэгдсэн байна. Улмаар Бямба гарагт 300 гаруй дрон, пуужинг Израил руу харвасан гэж Израилын арми мэдээлсэн.

Ираны хөөргөсөн дрон пуужингийн ихэнхийг нь Израилын батлан хамгаалах хүч АНУ, Их Британи, Франц зэрэг орнуудын тусламжтай байндаа тусахаас нь өмнө устгаж чадсан гэж мэдээлсэн.

Довтолгоонд хүний амь эрсдээгүй, хохирол харьцангуй бага гэдгийг Израилын тал дурдаж байна.

Урт хугацааны турш үргэлжилж байгаа удаа дараагийн түгшүүрт үйлдлүүдийн улмаас Ойрх Дорнодын бүс нутагт томоохон мөргөлдөөн, цаашлаад бүсийг хамарсан дайн гарах вий гэж дэлхийн томоохон улс орнуудын удирдагч нар санаа чилээж байна.

Израилын хамгийн том холбоотон гэж тооцогддог АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Израил хэрвээ Иран руу хариу довтолбол АНУ энэ довтолгоонд оролцохгүй, Израилын хариу арга хэмжээнд нэгдэхгүй" гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ Израил улс өнгөрсөн амралтын өдрүүдийн довтолгоог харьцангуй хохирол багатай давсан нь АНУ-ын санхүүжүүлж өгсөн Израилын төмөр дээвэр агаарын довтолгоо эсэргүүцэгч системийн ач, гавьяа гэж дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны довтолгоог хариулах асуудлаар Израил улсын дайны кабинет хуралдав   
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй