Шууд Chart

“Тесла” компани нийт ажилчдынхаа арван хувийг цомхотгоно

2024-04-16 15:55:20

АНУ-ын технологийн томоохон үйлдвэрлэгч "Тесла" компани дэлхий даяарх нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно гэж мэдээлжээ.

Дэлхий даяар нийт борлуулалт нь унаж, өөр бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй үнийн өрсөлдөөнтэй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна.

"Тесла" компанийн Ерөнхий захирал Илон Маск компанийнхаа цаашдын өсөлтийг хурдасгахын тулд таван жил тутам бүтцийн өөрчлөлт хийнэ гэж мөн Х цахим хуудсандаа бичсэн байна.

Нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгож байгаагаас гадна "Тесла"-гийн баттерей үйлдвэрлэлийн салбарын захирал Дрю Баглино, Олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Рохан Пател нар ажлаа өгч байгааг Илон Маск цахим хуудсаараа дамжуулж мэдэгдлээ.

Илон Маск тэдэнд өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэнд нь баярлаж байгаагаа илэрхийлсэн бол "Тесла"-гийн томоохон хөрөнгө оруулагчид энэ хоёр том албан тушаалтны ажлаа өгч байгаа явдал санаа зовних асуудал болж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Дрю Баглино нь Илон Масктай хамт "Тесла" корпорацийг эхлүүлж байсан 4 анхдагчийн нэг юм байна. Сүүлд Илон Маск 2022 онд ажлын байрны дараалсан цомхотгол хийнэ гэдгээ зарлаж байсан. Тэр үед мөн л эдийн засгийн хүндрэлийн улмаас ийм шийдвэр гаргаж байна гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ тухайн үед цомхотгол хийнэ гэсэн ч нийт ажилтных нь тоо 2021 онд 100 мянга байснаа 2023 онд 140 мянга болж өссөн үзүүлэлттэй байна.

Санхүү хөрөнгө оруулалтын шинжээчид "Тесла" ажилчдаа цомхотгох нь стратегийн хувьд ач холбогдолтой гэж үзэх нэг хэсэг байгаа бол томоохон албан тушаалтнуудаа чөлөөлж байгаа нь өнөөдрийн хувьд хамгийн муу мэдээ нь болж байна гэж үзэх хэсэг бас байна.

Жил хүрэхгүй хугацааны өмнө "Тесла"-гийн Санхүүгийн албаны захирал Зак Киркхорн мөн ажлаа өгч байгаагаа мэдэгдэж байсан юм.

Том албан тушаалтнууд нь чөлөөлөгдөж байгаа явдал "Тесла"-гийн хувьцаанд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Энэ ч ёсоор Даваа гарагт "Тесла"-гийн хувьцаа 5.6 хувиар буурч 161 доллар 48 цент болжээ.

Ажлын байраа цомхотгож байгаа талаараа Илон Маск нийт ажилчдадаа мэдэгдэхдээ “Компанийн цаашдын өсөлтөд бэлтгэж байгаа энэ цаг үед бид зардлаа аль болох танаж, бүтээмжээ нэмэгдүүлэх бүхий л нөөц бололцоог эрэлхийлэх нь чухал” гэж дурдсан байна.

Сүүлийн үеийн мэдээллээр "Тесла" компанийн борлуулалт, зах зээл дэх үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой 25 мянган доллараар борлуулагдах "Модел-2" машиныг 2025 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэсэн ч үйлдвэрээ зогсоосон гэж "Ройтерс" агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна.

Илон Маск энэ мэдээллийг худал гэсэн ч залруулга хараахан гаргаагүй байгаа юм байна. Зам тээвэр, цэвэр эрчим хүчний талаар нийтэлдэг "Электек" сайтын зүгээс "Тесла" "Модел-2" загварын автомашиныг үйлдвэрлэхэд санхүүжилт авч чадаагүй тул энэ төсөл цуцлагдаж, төсөл дээр ажиллаж байсан ажилтнуудыг цомхотгож байж магадгүй гэж нийтэлжээ.

Түүнчлэн "Ройтерс"-ийн мэдээлж байгаагаар "Тесла" "Модел-2"-т анхаарал хандуулахаа больж, оронд нь жолоочгүй робот-такси үйлдвэрлэл рүү анхаарч байж болзошгүй гэсэн байна.

Гэхдээ жолоочгүй тээврийн хэрэгсэл бүтээхэд "Тесла"-д олон жил шаардлагатай гэж ихэнх технологийн экспертүүд хэлж байгаа юм.

Ямартай ч "Тесла"-гийн цаашдын алсын хараа ямар байлаа ч өнгөрсөн 2023 онд эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй жил өнгөрсөн. Бүтэн жилийн хугацаанд "Тесла"-гийн хувьцаа 33 хувиар унасан байна.

Энэ нь "Тесла"-тай шил даран өрсөлддөг дэлхийн бусад автомашин үйлдвэрлэгчдээс хамаагүй сул үзүүлэлттэй гарсан гэсэн үг юм.

"Тесла"-гийн хамгийн том өрсөлдөгч "Тоёота Моторс"-ын хувьцаа өнгөрсөн онд 45 хувиар өссөн бол "Женерал Моторс" компанийнх 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тесла” компани нийт ажилчдынхаа арван хувийг цомхотгоно  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй