Шууд Chart

Иран улс эрх ашгийг нь хөндсөн аливаа ажиллагаанд хатуу хариу барина гэв

2024-04-17 12:43:53

Иран улс анх удаа Израилын нутаг руу нисгэгчгүй онгоц болон пуужингийн өргөн довтолгоо явуулсны дараагаас Ойрх Дорнодын хямрал улам хурцдаж хүрээгээ тэлж өргөжих нь гэдэг айдас болгоомжлол олон улсад нэмэгдсэн.

Энэ зуур Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сүүлийн нэг хоногийн дотор хоёр дахь удаагаа дайны цагийн Засгийн газраа зарлан хуралдуулж, Иранд хариу ажиллагаа явуулах эсэхээ шйидвэрлэхээр хэлэлцэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрөгч ням гарагт Иранаас харвасан 300 гаруй пуужин болон дроны довтолгоо Израилд хүн амины болоод ноцтой хохирол учруулаагүй.

Израилын өөрийнх нь болон холбоотон орнуудын агаарын хамгаалалтын системүүд үүнд гол дэмжлэг болсон. Гэсэн хэдий ч Израилын армийн Ерөнхий штабын дарга Герза Халеви даваа гарагт “Иран улс үйлдсэн хэргийн үр дагаврыг амсах болно. Зохих хариуг сонгон өгөх болно. БХА аливаа аюулыг сөрж зогсоход урьдын адил бэлэн" гэж мэдэгдсэнээс өөрийг мэдээлээгүй байна.

Улмаар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетантяхугийн мэдэгдлийг Израил болоод олон улсад харзнасан байдалтай байгааг хэвлэлүүд дурдаж байна.

Израилын Гадаад харилцааны сайд Катц мөн Ираны эсрэг дипломатын хориг арга хэмжээ авахыг 32 улсад хандаж уриалжээ.

Харин Ираны Гадаад харилцааны дэд сайд Али Багери Кани "Израилаас хариу дайралт үйлдэх нөхцөлд нэн даруй хариу өгнө. Өмнөх шигээ 12 хоног хүлээхгүй" гэж төв телевизээрээ мэдэгджээ.

Мөн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Катарын эмиртай утсаар ярих үедээ ИБНУ-ынх эрх ашгийг өчүүхэн боловч хөндсөн аливаа үйлдэлд аймшигтай хариу барина гэж мэдэгдсэнийг "Тасс" уламжилсан байна.

Ираны тал өнгөрөгч ням гарагийн довтолгоогоо энэ сарын 1-нд Сирийн нийслэл Дамаск хот дахь ЭСЯ-д нь Израилаас цохилт өгсний хариуд авсан хууль ёсны хариу гэж мэдэгдэж байгаа. Иран улстай одоогийн мөргөлдөөнийг улам хурцатгахаас сэргийлж хүлээц тэвчээртэй байхыг НҮБ-ын тэргүүн болон Франц, Герман, Их Британи улсууд талуудад хандаж уриалсаар байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлсэн Газын зурвас дахь дайн хямралтай зэрэгцэн Израил давхар Сири, Ливан, Йемен, Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлгүүдтэй мөн сөргөлдөөнт байдал үүсээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс эрх ашгийг нь хөндсөн аливаа ажиллагаанд хатуу хариу барина гэв   
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй