Шууд Chart

БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд 5.3 хувиар өсжээ

2024-04-17 12:51:04

Хятадын эдийн засаг оны эхний улиралд жилийн өмнөхөөс 5.3 хувиар өссөн дүн үзүүлсэн байна.

Хятадын Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан энэ албан дүн 4.8 хувьд төсөөлж байсан үзүүлэлтээс хавьгүй давсан. Мөн энэ 2024 онд ДНБ-ий өсөлтөө 5 хувьд хүргэх зорилтоо хангах сайн гараа болж байна.

Гэхдээ үл хөдлөхийн салбарын уналт болон хэрэглэгчдийн итгэлийн индекс сул хэвээр байгаа нь асуудал дагуулсан хэвээр байна гэж тоймч шинжээчид үзэж байна.

Энэ оны эхний 3 сарын энэ өсөлт өмнөх 2023 оны 4-р улиралтай харьцуулахад 1.6 хувиар өссөн дүн болжээ.

Ерөнхийдөө хэдхэн өдрийн өмнө Хятад улс экспорт нь өнгөрсөн гуравдугаар сард 7.5 хувьд хүрч жилийн өмнөхөөс унасан, импорт нь ч бас сул үзүүлэлтийг зарлаж байснаас үүдэж гадна зах зээлд төдийлөн өөдрөг бус хүлээлт үүсээд байсан байна.

Хятадын үйлдвэрлэлийн салбарын гүйцэтгэл 6.1 хувийн өсөлттэй, жижиглэн худалдаа жилийн дүнгээрээ 4.6 хувийн өсөлттэй гарсан нь үйлдвэрлэлийн салбарын гүйцэтгэл чангарч Засгийн газар дэд бүтцийн шинэ төслүүдийг эрчимжүүлснээс үүдэлтэй гэж олонх шинжээч үзэж байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд өнөө хэр тогтвортой, бас хүчтэй хэвээр байгаа цар тахлын үеийн сөрөг үр дагаврууд, мөн уналтад орсон үл хөдлөхийн салбар, орон нутгийн засаг захиргаадын өрийн дарамт, бас хувийн хэвшлийн сул зарцуулалттай холбоотой хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахаар чармайж байгаа. Улмаар энэ оны эцэст ДНБ-ий өсөлтөө 5 орчим хувьд хүргэх Засгийн газрынх нь зорилтод өчигдөр зарласан өсөлтийн дүн нааштай чиг хандлага харуулсныг Сингапурын SMBC банкны шинжээч “Ройтерс”-т ярьжээ.

Оксфорд Экономикс дахь Хятадын эдийн засагч Луиза Лоо тэгвэл нэгдүгээр улирлын Хятадын эдийн засгийн өсөлтөд үйлдвэрлэлийн өндөр гүйцэтгэлээс гадна Хятадын Цагаан сарын баяртай холбоотой улирлын онцлог худалдан авалт мөн түлхэц үзүүлснийг тэмдэглэжээ.

Хятадын үл хөдлөхийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувиар, арилжааны шинэ барилгуудын борлуулалт 27.6 хувиар бууралттай гарсан байна.

Бүс нутагтаа гол нөлөөтэй Хятадын эдийн засагт дорвитой өсөлт гарах нь Хятадын талын эрэлтэд гол түшиглэдэг хөрш орнуудад нь эерэг мэдээ байдаг гэдгийг тоймчид мөн дурдаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд 5.3 хувиар өсжээ   
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй