Шууд Chart

Батлан хамгаалахын зардал дэлхийн хэмжээнд шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

2024-04-23 09:36:58

Өнгөрөгч 2023 онд дэлхийн хэмжээнд цэрэг батлан хамгаалахын зардал бүх цаг үеийн дээд үзүүлэлт буюу 2.4 их наяд ам.долларт хүрч өсжээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Шведийн Стокхолмд төвтэй Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс ийм шинэ тайлан илтгэлийг нийтлүүлсэн байна.

Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс тэмдэглэж байгаагаар, дэлхийн улс орнуудын батлан хамгаалах төсөв зардлын хэмжээ ийнхүү сүүлийн 9 дэх жилээ дараалан өсөлттэй гарч байна.

Улмаар энэ өсөлт энэ талын харьцуулсан судалгаа явуулж эхэлсэн 1988 оноос хойших түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Энэ өсөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсэд Орос, Украины дайн, Ойрх Дорнодын хямрал, мөн Хятад улс цэрэг, батлан хамгаалахын хүчин чадлаа улам зузаатгах бодлого барьж байгаа зэргийг тус судалгааны хүрээлэнгийн шинжээчид авч үзсэн байна.

Цэрэг, батлан хамгаалах салбарт хамгийн өндөр төсөв зарцуулж байгаа топ 5 орныг АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб бүрдүүлсэн байна.

Эдгээр 5 улс хамтдаа энэ чиглэл дэх дэлхийн нийт төсвийн 61 хувийг бүрдүүлж байгаа дүн мөн гарчээ. Үүний зэрэгцээ сүүлийн нэг жилийн доторх хамгийн өндөр өсөлтийг Европ, Ази болон далайн орнууд, мөн Ойрх Дорнод үзүүлсэн байна.

Цэрэг зэвсгийн салбар дахь зарцуулалт ингэж өмнөхөөс эрчимтэй өсөж байгаа нь угтаа дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлын орчин муудаж байгаагийн шууд илрэл гэдгийг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн Цэрэг, зэвсэг үйлдвэрлэлийн салбарын шинжээч Нан Тиан тэмдэглэжээ.

АНУ-ын тухайд, өнгөрөгч онд өмнөх 2022 оныхоосоо 2.3 хувиар их буюу 916 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт гаргасан бол Хятад улс энэ зардлаа 6 хувиар ихэсгэж 296 тэрбум ам.долларт хүргэсэн.

Хятадын энэ талын төсөв зардал 29 дэх жилээ дараалан өсөж байгаа гэдгийг мөн дурдсан байна.

Японы батлан хамгаалах зардал тэгвэл 11 хувиар буюу 1972 оноос хойших хамгийн өндөр өсөлт үзүүлж 50.2 тэрбум ам.доллар буюу дэлхийд 10-т эрэмбэлэгдэх дүнд хүрсэн байна.

Хятад улс АЧА-ынхаа байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд улам бүр өндөр төсөв зарцуулж байгаа нь дагаад Япон, Тайвань зэрэг бусад улсыг цэрэг зэвсгийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд түлхэц болж, энэ чиг хандлага ойрын жилүүдэд улам ч эрчимжих төлөвтэй байгааг шинжээчид мөн тэмдэглэсэн байна.

Энэ үзүүлэлтээрээ 3-т жагсаж байгаа ОХУ-ын тухайд 2022 оны хоёрдугаар сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээсээ хойш батлан хамгаалах зардлаа 24 хувиар өсгөж 109 тэрбумд хүргэжээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, Америк тивийн орнууд дэлхийн нийт цэргийн зардлын 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол, араас нь Ази далайн орнууд 24 хувьтай удаалж, гуравдугаарт нь Европ орсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Батлан хамгаалахын зардал дэлхийн хэмжээнд шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй