Шууд Chart

БНАСАУ түүхэндээ анх удаа цөмийн хариу цохилт туршин сургуулилжээ

2024-04-25 09:57:38

Умард Солонгос улс түүхэндээ анх удаа цөмийн хариу цохилт өгөх сургуулилалт хийсэн гэж мэдээлжээ. Умардын мэдээний төв агентлагийн мэдээгээр, “цөмийн цэнэгт хошуу төст пуужинг хэт том оврын тийрэлтэт төхөөрөмжөөс буудаж туршсан. Улмаар 600 мм-ийн пуужингууд нь 352 км зайд байрлалтай арал дээрх онилсон цэгт оновчтой туссан гэжээ. Энэ удаагийнх он гарснаас хойш Умард Солонгос улс нэг болон түүнээс дээш тооны баллистик пуужин харваж байгаа дөрөв дэх тохиолдол болж байгаа бол, энэ 4-р сарын 2-ноос хойших анхных болсон байна.

Хэт том даацын уг пуужин тактикийн цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтай бага тусгалын баллистик пуужин гэж Өмнөдийн шинжээчид үзэж байгаа юм байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн мөн Пхеньян хотоос холгүй байгууламжаас өчигдөр хэд хэдэн баллистик пуужин харвасныг нотолсон байна. БНАСАУ-ын цөмийн хүчин чадал хэр найдвартай, төгс, хүчирхэг түвшинд хүрснийг нотлон харуулах нь энэ сургуулилалтын зорилго байсан, давхар дайснуудын өдөөн хатгалгад тодорхой анхааруулга дохио болох учиртай гэж умардын мэдээний төв агентлагийн мэдээнд нь дурджээ. БНСУ-ын Кунсан нисэх баазад явагдаж байгаа америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэхэд энэ дадлага сургууль чиглэснийг Умардын тал мөн мэдэгджээ. Умардын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Родон синмун” сонинд улмаар, хөөргөгч дөрвөн төхөөрөмжөөс пуужингууд харвасан зургийг нийтэлсэн байна.

Умардын удирдагч Ким Жон Ун энэ сургуулилалтын талбарт биечлэн байлцаж дайны тогтоон барих, дурын цаг хугацаа болон нөхцөл байдалд санаачилгыг гартаа авах чухал зорилтыг шуурхай бөгөөд яв цав биелүүлэхэд улсынх цөмийн зэвсэгт хүчин бэлэн болсныг энэ бэлтгэл сургуулилалт харууллаа хэмээн өндрөөр үнэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр Ким Жон Ун 2024 онд улс нь АНУ-ын зүгээс урьд үзэгдээгүй сөргөлдөөнт алхмыг сөрөх дайны бэлтгэлээ шуурхайлахыг чухалчилж, Өмнөд Солонгосыг мөн дайсагнагч орон хэмээн нэрлэж, энэ тодорхойлолтыг үндсэн хуулиндаа баталгаажуулах уриалга дэвшүүлж байсныг хэвлэлүүд мөн дурдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ түүхэндээ анх удаа цөмийн хариу цохилт туршин сургуулилжээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй