Шууд Chart

Илон Маск автомат жолоодлоготой автомашины туршилтыг зөвшөөрүүлэх зорилгоор Бээжинд очжээ

2024-04-30 10:45:16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян АНУ-ын цахилгаан автомашины Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг хүлээн авч уулзахдаа Хятадын зах зээл гадаадын компаниудад үргэлж нээлттэй гэдгийг мэдэгджээ. Тесла компанийн гүйцэтгэх захирал жолоочгүй буюу автомат жолоодлоготой автомашины туршилтыг зөвшөөрүүлэх зорилгоор Бээжинд ирсэн гэж АНУ болон Европын томоохон хэвлэлүүдээр мэдээлжээ. Одоогоор автомат жолоодлоготой автомашиныг АНУ зэрэг цөөн хэдэн улс зөвшөөрсөн байдаг, харин Хятад тэргүүтэй том зах зээлд ийм төрлийн горимыг хангалттай боловсронгуй болоогүй, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм.

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Тесла компанийн Хятадад явуулж байгаа үйл ажиллагаа АНУ-тай хийж байгаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны амжилттай жишээ гэж сайшаасан тухай тус улсын гадаад харилцааны яамнаас мэдээлжээ. Мөн Хятад улс хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг урагшлуулах сонирхолтой байгаа, Хятадын том зах зээл гадаадын бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй байх болно, тэднийг Хятадад хөрөнгө оруулахдаа сэтгэл санааг нь тайван байлгахын тулд бизнесийн орчныг сайжруулна гэж Ли Чян амлалт өгсөн байна. Харин Илон Маск Теслагийн Шанхай дахь үйлдвэр нь компанийн нийт салбаруудын дундаас хамгийн сайн гүйцэтгэлтэй нь гэж үнэлж, цаашид Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна. Хятад улс нь Теслагийн хувьд хоёр дахь том зах зээл нь. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын автомашин үйлдвэрлэгчид Теслагийн өрсөлдөгч болж гарч ирж байгаа. АНУ-д теслагийн автомат жолоодлоготой автомашинууд 13 удаа осол гаргасныг тогтоосон, эдгээрээс нэг тохиолдолд хүний амь үрэгдэж байсан байна.

Зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн, мөн аюулгүй байдлын эрсдэл байгаа ийм үед Тесла Хятадад автомат жолоодлоготой автомашин явуулах зөвшөөрөл авахыг зорьж байна. Ли Чяны хувьд Шанхай дахь Хятадын коммунист намын дарга байх үедээ Илон Масктай хэлэлцээ хийж, гадны хөрөнгө оруулалт татахад тэр дундаа Тесла компанийг Шанхайд үйлдвэрээ барих гэрээг байгуулж байжээ. Одоо Бээжин дэвшилтэт технологи болон бусад салбарт Вашингтонтой зөрчилдөж байгаагаас Хятадын эдийн засгийн төлөвийг тодорхойгүй байдал руу оруулах эрсдэл бий болгож байна гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Илон Маск автомат жолоодлоготой автомашины туршилтыг зөвшөөрүүлэх зорилгоор Бээжинд очжээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй