Шууд Chart

БНФУ болон ХБНГУ хиймэл оюун ухаанаар тоноглосон танк хамтран бүтээнэ

2024-04-30 11:01:17

Франц, Герман улсууд хиймэл оюун ухаан, лазерын технологиор тоноглогдсон шинэ үеийн танк хамтран үйлдвэрлэхээр болсон байна. Хуурай замын байлдааны үндсэн систем гэж нэрлэсэн шинэ үеийн танкийг 50:50 хувийн оролцоотой зохион бүтээхээр хоёр орны батлан хамгаалахын сайд нар харилцан ойлголцлын санамж бичигт Парис хотноо гарын үсэг зурсан байна.

Хоёр орны засгийн газрууд аль 2017 онд Францын Леклерк, Германы Леопард танкуудыг залгамжлах шинэ үеийн танкийг 2040 оноос эхлэн хамтран бүтээхээр анх тохиролцож байсан. Гэвч хоёр орны зэвсэг үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн, эрх баригчдын ашиг сонирхлын зөрүүнээс шалтгаалж, уг тохиролцоог хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Сая байгуулсан санамж бичигт тусгаснаар шинэ үеийн танкийг хуурай замын байлдааны ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлэхүйц буюу хамгийн орчин үеийн технологиор бүрэн тоноглох юм байна. Тухайлбал Хуурай замын байлдааны үндсэн систем нь жолоочтой болон автомат жолоодлоготой горимд ажилладаг, өөрийгөө хамгаалах дронны системтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

БНФУ-ын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну “Хоёр улсын арми нэг дайсны эсрэг байлдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас бид 2040 онд нэг ижил танктай болно. Бид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэгчдэдээ хуваарилалт хийж, тэнцвэр барина. Энэ хамтарсан төсөл улс төр, эдийн засгийн хувьд үр ашигтай” хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Европ тивийн зэвсгийн хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд Европын нэгдсэн ойлголт хэрэгтэй. Дэлхий даяар болж байгаа өөрчлөлтүүдийг харгалзан үзэхэд бид Европын зэвсгийн салбарт хамгийн сайн шийдлүүдийг боловсруулах ёстой, энэ хамтарсан төсөл богино хугацаандаа амжилтад хүрэхгүй байж болох ч харин дунд болон урт хугацаандаа хамгийн сайн шийдэл байх болно” гэж ярилаа.

Шинэ үеийн байлдааны зэвсэг үйлдвэрлэх энэхүү хамтарсан төсөлд Франц, Герман улс тэнцүү санхүүжилт оруулна, харин Герман улс төслийг удирдах юм байна. Сүүлийн жилүүдэд Франц, Германы хооронд нарийн ширийн зүйлсээс шалтгаалан санал зөрөлдөөн бий болсон ч батлан хамгаалах бодлогод Европын хамтын ажиллагаа чухал гэдэг дохиог өглөө гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ болон ХБНГУ хиймэл оюун ухаанаар тоноглосон танк хамтран бүтээнэ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй