Шууд Chart

Долоогийн бүлгийн орнууд 2035 он гэхэд нүүрсний хэрэглээг тэглэхээр тохиролцов

2024-04-30 13:17:22

Долоогийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар Италийн Турин хотод хуралдаж байна. Хурлын явцаас харвал тэд 2035 он гэхэд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаана гэдэг тохиролцоонд хүрч чадсан гэсэн мэдээлэл байна. Ингэснээр олборлодог түлшний хэрэглээг бүрэн тэглэхэд нэг том алхам ойртож байна гэсэн үг юм. Эрчим хүчний сайд нар өнөөдрийн хуралдаанаараа нүүрсэн станцуудыг хаах албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

Өнгөрсөн оны НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаар авч хэлэлцдэг КОП-28 чуулганаар олборлодог түлшний хэрэглээг тэглэх, тэр дундаа нүүрс бол олборлодог түлш дундаа хамгийн их бохирдуулагч шинж чанартай түлш юм байна гэдэг дээр санал нэгдэж, нүүрсний хэрэглээг тэглэхээр улс орнууд тохиролцоонд хүрч чадсан. Тэгвэл тус чуулганаас хойш анх удаа дахин нэгэнтээ цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжихэд нэг алхам урагшилсан үйл явдал энэ удаагийн Долоогийн бүлгийн орнуудын тохиролцоо байлаа гэж олон улсын агентлагууд бичжээ. Хурлыг даргалж байгаа Итали улс 2023 онд нийт эрчим хүчнийхээ 4,7 хувийг нүүрсээр ажилладаг станцаар үйлдвэрлэжээ. 2025 он гэхэд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаахаар төлөвлөж байгаагаа хурлын үеэр дурдсан байна. Гагцхүү Сардины арлууд л 2028 он гэхэд нүүрсээр ажилладаг станцуудаа хаахаар хугацааг нь хойшлуулсан байгаа юм байна. Долоогийн бүлгийн бусад гишүүдийн тухайд, Герман болон Япон улсад нүүрсний хэрэглээ Италиас хавь илүү байдаг. Энэ улсууд 2023 онд нийт эрчим хүчнийхээ 25 хувийг нүүрсэн цахилгаан станцаас гаргаж авчээ.

Өнгөрсөн жил Япон улс Долоогийн бүлгийг даргалж байхад тус бүлгийн орнууд нүүрсний хэрэглээгээ тэглэнэ гэж амлалт өгсөн ч энэ удаагийнх шиг нарийн тодорхой хугацаа хэлж чадахгүй байсан юм. Тэгвэл Долоогийн бүлгийн энэ удаагийн уулзалтаар хэлэлцэгдэж байгаа бас нэг асуудал бол ОХУ-аас Европ руу экспортолдог шингэрүүлсэн байгалийн хийг хязгаарлах эсэх асуудал юм байна. Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага болох Европын Комиссоос ойрын хугацаанд ОХУ-аас импортолдог шингэрүүлсэн байгалийн хийг хязгаарлах талаар хуулийн төсөл өргөн барих төлөвтэй байгаа юм. Долоогийн бүлэг хараахан энэ асуудлаар ямар нэг зөвшилцөлд хүрээгүй байгаа. Хэрвээ эцсийн шийдвэрт хүрвэл олон нийтэд танилцуулах болно гэж энэ удаагийн уулзалтыг даргалж байгаа Италийн эрчим хүчний сайд Гилберто Пичето Фратин хурлын хураангуйн үеэр дурдсан байна. Даргалагч орны дэвшүүлсэн бас нэг асуудал бол цөмийн эрчим хүч болоод био түлшний асуудал юм байна.

Энэ удаагийн хуралдаанаас гарах эцсийн баримт бичигт энэ хоёр эрчим хүчний эх үүсвэрийн талаар дурдана гэж Италийн эрчим хүчний сайд мөн дурдсан. Өнөөдрийн бас нэг дурдах асуудал нь 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний нөөцлүүр батарейны хүчин чадлыг 6 дахин нэмэгдүүлэх нэн шаардлагатай гэсэн асуудал байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн орнууд 2035 он гэхэд нүүрсний хэрэглээг тэглэхээр тохиролцов  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй