Шууд Chart

Хэт халууны улмаас Филиппин улсад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаажээ

2024-04-30 13:51:23

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст дулааны улирал хэдийн эхэлсэн байна. Тэгвэл экватортой ойр орших бүс нутгуудад хэт халалт аль хэдийн аюулын харанга дэлдэж эхэлсэн байна. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн Филиппин улс аминд халтай хэт халууны улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хааж, энэ долоо хоногийн дунд хүртэл онлайнаар хичээл нөхөж орохоор болсныг Филиппиний боловсролын яам мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Филиппинд хэт халсны улмаас сургуулийн орчинд сурагч болон багш нар ухаан алдах, цусны даралт ихсэх тохиолдлууд гарчээ. Энэ долоо хоногийн хагас хүртэл Филиппинд агаарын хэм цельсийн 37 градус хүрч халах төлөвтэй байна. Халуун чийглэг энэ оронд агааржуулалт муутай сургууль анги танхим олон байдаг. Мөн нэг ангид хэт олон хүүхэд төвлөрөн хичээллэх нь элбэг. Филиппинд агаарын температур 37 хүрч байгаа ч агаарын чийгшилтэй нийлээд хүнд мэдрэгдэж байгаа нь 45 градус байна гэдгийг тус улсын цаг уур орчны шинжилгээний агентлаг тайлбарлаж байна. Тиймээс сурагч, багш нарын эрүүл мэндэд ноцтой аюул учирч байна гэж үзсэний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл хэт халалт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаагаас гадна эрчим хүчний хангамжид сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Филиппиний Лузон арал буюу нийслэл Манила хот байршдаг хамгийн том арал цахилгаан эрчим хүчний нэн хямралт нөхцөл байдалд ороод байгаа юм. Филиппиний эдийн засгийн 75 орчим хувь нь төвлөрдөг, эдийн засаг, дэд бүтцийн энэ том арал дээрх 13 цахилгаан станцын үйл ажиллагаа энэ сарын эхээр доголдож унтарсан байна. Тэгвэл Филиппин улстай нэг бүсэд хамаардаг Тайланд улсын нийслэл Бангкок хот болоод нутгийн төв, хойд хэсгээр агаарын температур 40 хүрч халах төлөвтэй байгааг Тайландын ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Энэ халуунд гадагш аль болох урт хугацаагаар гарахгүй байхыг давхар зөвлөжээ. Тайландын умард нутгийн Лампанг хотод 4-р сарын 22-нд 44,2 градус хүрч халсан тохиолдол бүртгэгдсэн байна. Тайландад өнгөрсөн 3-р сард хэт халууны улмаас 30 хүн амь насаа алджээ. Вьетнам улсад мөн ялгаагүй маш их халж байна. Вьетнамын төвийн болон умард бүсийн хотуудаар 40-44 градус хүрч халах төлөвтэй байна. Тус улсын иргэд хэт халууныг даван гарахын тулд агааржуулагч машин байнга ажиллуулж байна. Гэвч ийм өндөр хүчдэл шаардлагатай машиныг урт хугацаагаар ажиллуулах нь цахилгаан үүсгүүрийн хүчин чадал дуусаж эрчим хүч тасалдах эрсдэлтэй тул цахилгааны хэрэглээгээ танахыг Вьетнамын төрийн өмчит эрчим хүчний компани ард иргэдэд уриалжээ. Малайз улсад мөн л ялгаагүй хэдэн өдрийн турш 35-40 градусын халуун байна. 4-р сарын 13-ны байдлаар энэ улсад хэт халуунаас үүдэж эмнэлэгт хүргэгдсэн 45 тохиолдол, амиа алдсан 2 тохиолдол бүртгэгджээ. Малайзтай хиллэх Сингапур улсад гэхэд 2024 онд өмнө оноос илүү халах төлөвтэй байна гэсэн ус цаг уурын мэдээлэл байна.

Нийгэм эдийн засгийн хувьд бүсийн бусад орноо бодвол харьцангуй хөгжингүй Сингапур улс нь өнгөрсөн сараас эхэлж сургуулийн журмыг уян хатан болгож, сурагчид хэт халуунд дүрэмт хувцас өмсөхгүй байхыг зөвшөөрчээ. Зүүн Өмнөд Азийн хамгийн их хүн амтай Индонез улсад хэт халалтаас гадна халуун хумхаа өвчин дэгдэж аюулт нөхцөл байдал үүсээд байгааг эрүүл мэндийн яам нь мэдээлсэн байна. Номхон далайн Эл Нино урсгалаас үүдэж хуурай халууны улирал улам уртасч байгаа нь шумуулны амьдрах хугацааг уртасгаж, шумуулаар дамждаг халуун хумхаа өвчний дэгдэлтийг улам нэмэгдүүлж байна гэж тус улсын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт халууны улмаас Филиппин улсад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаажээ  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй