Шууд Chart

Олон улсын эрүүгийн шүүх Израилын засгийн газрын гишүүдийг баривчилж магадгүй

2024-04-30 14:12:10

Хамас бүлгийн эсрэг дайныг дэвэргэн сунжруулж байгаа хэргээр Олон улсын эрүүгийн шүүхээс Израилын засгийн газрын тэргүүн болоод сайд нарыг баривчлах шийдвэр гаргаж магадгүй гэж Израил улс сэрэмжилж байна. Олон улсын эрүүгийн шүүх нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцид зэрэг маш их хор уршигтай гэмт хэргийн үндэслэлээр хувь хүнд ял тулгах эрхзүйн чадамжтай байгууллага юм. Тус байгууллагаас Израилын засгийн газрын гишүүдэд ял тулгах магадлал өндөр байгаа тул еврейчүүдийг үзэн ядах хөдөлгөөн олон улсад эрчимжиж, аливаа халдлага гарах эрсдэлийг тооцоолон элчин сайдын яамдуудаа хамгаалалтаа чангатгахыг Израилын гадаад хэргийн яам үүрэгджээ.

Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Палестины зэвсэгт Хамас бүлэг Израил руу гэнэт халдан довтолсноор Израил улс Газын зурвас руу хариу дайрч, одоо 7 дахь сардаа үргэлжилж байгаа дайн эхэлсэн юм. Энэ хэргийг Олон улсын эрүүгийн шүүх Израилын засгийн газрын албадуудад холбож хариуцлага хүлээлгэх магадлалтай байна. Хэдий олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гарлаа ч Израил улс бууж өгөхгүй, зорилгоо гүйцэлдүүлэхээс нааш дайныг зогсоохгүй гэсэн байр суурийг Израилын гадаад хэргийн сайд Исраэль Кац илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Нетаньяху ч мөн ижил байр суурь илэрхийлсэн. Израилын орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Олон улсын эрүүгийн шүүхийн баривчилгаанд ерөнхий сайд Нетаньяхугийн нэр нэн тэргүүнд байгаа. Нетаньяху тэргүүтэй засгийн газрын гишүүд дайныг өөгшүүлэн дэвэргэхээс гадна Газын зурвас руу орох хүмүүнлэгийн тусламжийг саатуулж, хүмүүнлэгийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэсэн хэрэг тулгаж магадгүй гэж бичжээ. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх дан ганц Израилын удирдагчдад ял оноогоод өнгөрөхгүй. Анх халдлага үйлдсэн Хамас бүлгийн удирдагчдад мөн ижил ял оноох магадлалтай гэж олон улсын хэвлэлүүд бичжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн мөрдөн шалгах хорооныхон бүгд энэ дайны эргэн тойронд болж байгаа зүйлсийг хянаж шалган, холбогдох хүмүүст зохих хариуцлагыг үүрүүлнэ гэж шүүхийн ерөнхий прокурор анх дайн эхлэхэд мэдэгдэж байсан юм. Олон улсын эрүүгийн шүүхийн мөрдөн шалгах ажиллагааг Израилын хамгийн том холбоотон гэж тооцогддог АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Нидерландын Хааг хотноо үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын салбар агентлаг байгууллага болох Олон улсын эрүүгийн шүүх нь бие даасан шинжтэй байгууллага. Үйл ажиллагаа нь АНУ болоод өөр ямар нэг улсын оролцоо холбоогүй явагддаг гэж НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас Гринфилд байр сууриа илэрхийлсэн байна. АНУ нь НҮБ-ын гишүүн мөн боловч Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш юм. Израил ч мөн тус шүүхийн гишүүн биш бол Палестин нь НҮБ-ын ажиглагчийн статустай орон хэр нь 2015 оноос хойш Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон гэж хүлээн зөвшөөрөгдөж ирсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын эрүүгийн шүүх Израилын засгийн газрын гишүүдийг баривчилж магадгүй  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй