Шууд Chart

Долоогийн бүлэг 2035 оноос өмнө нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаана

2024-05-02 10:41:05

Долоогийн бүлгийн орнууд 2030-аад оны эхний хагаст багтааж нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах тохиролцоогоо албажуулж мэдэгдэл гаргалаа. Италийн Турин хотод болсон хоёр өдрийн уулзалтыг даргалагч Италийн Эрчим хүчний сайд Жильберто Пикетто-Фратини энэ төлөвлөгөөг үе шаттайгаар, цаг хугацааны зохих хуваарийг баримталж хэрэгжүүлэхийг онцолсон байна.

Сайд нарын мэдэгдэлд тухайлбал “Долоогийн бүлгийн орнууд нүүрсийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд ашиглахыг 2030 оны дунд үеэс бүрэн зогсооно.” Ингэхдээ “дэлхийн дулаарлыг Парисын хэлэлцээрт заагдсан цельсийн 1.5 градусын зорилтот түвшинг хангахуйц цаг хугацааны хуваарь шатлалын дагуу хэрэгжүүлнэ” гэж заажээ. Харин Долоогийн бүлэгт багтдаг Япон улс энэ шаталсан зааг хугацааг мөрдөх боломжгүйг хүлээн зөвшөөрсөн. Байгалийн нөөц баялаг хомс, сэргээгдэх эрчим хүний эх үүсвэр багатай, дээрээс нь 2011 оны газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй Фүкүшимагийн АЦС-ын ослоос хойш олонх цөмийн реактор нь зогссон зэрэг нөхцөл шалтгааны улмаас өнөөдөр Япон улс нийт хэрэглээнийхээ 70 шахам хувийг цахилгаан дулааны станцуудаар хангадаг. Үүний өмнөх 2023 оны 5 сард Хоккайдод болсон G7-ийн Эрчим хүчний сайд нарын уулзалтаар чухамхүү Япон улс тодорхой хугацаа заах хүсэлгүй байснаас нүүрсээр ажилладаг станцуудыг хаах эцсийн хугацааг товлож чадалгүй тарж байсан юм байна. Долоогийн бүлгийн эрчим хүчний сайд нар бусад улсыг бас, 2030 болон түүнээс хойших онуудад метан зэрэг бүх төрлийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэчилсэн зорилтоо ирэх оны эхээр амжиж танилцуулах уриалгыг дэвшүүлсэн байна.

Мөн 2030 оноос урьтаж дэлхий даяарх сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2022 оны түвшнээс зургаа дахин нэмэгдүүлж 1,5 сая гигаватт хүртэл өсгөх, халуун цөмийн энергийн салбарт судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ Долоогийн бүлгийн орнуудын ЗГ-ууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 58 хүртэл хувиар бууруулах амлалт өгсөн боловч бодит байдал дээр энэ хувь нь 19-33 хувь байх тооцоололтой байгааг эсэргүүцэж уур амьсгалын хөдөлгөөний идэвхтнүүд тэднийг “луйварчид” гэж буруутгасан агуулгатай уриа лоозон барин жагсаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлэг 2035 оноос өмнө нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаана  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй