Шууд Chart

Европын Холбоо “Мета” компанийг хуурамч мэдээллийн асуудлаар мөрдөн шалгана

2024-05-02 10:54:52

Европын Холбооны зүгээс Фэйсбүүк, Инстаграм гэсэн нийгмийн сүлжээг хуурамч мэдээ мэдээллээс хэрэглэгчдийг хамгаалах чиглэлд хангалттай хүч чармайлт гаргахгүй байна гэж буруутгаж байна. Улмаар Европын комисс Америкийн “Мета” корпорацын мэдлийн энэ хоёр сүлжээнд мөрдөн шалгалт эхлүүлснээ зарлажээ.

Ирэх 6 сард болох Европын парламентын сонгуулийн босгон дээр хилийн чанадаас гаралтай хууль бус, хуурамч мэдээллээс хэрэглэгчдийг хамгаалах зохистой арга хэмжээ авахгүй байгаа нь ЕХ-ны Тоон үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэдэг үүднээс энэ мөрдөн шалгалтыг эхлүүлж байгаа юм байна. Фэйсбүүк, Инстаграмын тухайд, өнгөрсөн 2023 оноос ЕХ-нд үйлчилж эхэлсэн dsa буюу Тоон үйлчилгээний тухай хуульд хамааралтай “гол томоохон цахим платформ”-ын тоонд багтдаг. Энэ хуулинд, сард 45 саяас дээш тооны хэрэглэгчтэй цахим платформ, хайгуулын системүүд өөр дээр нь байрлаж байгаа контентын агуулгад илүү чанд хариуцлагатай хяналт тавьж, бас хууль хяналтын байгууллагуудад хураамж төлөхөөр заасан байдаг байна. Хууль бус агуулга контентын эсрэг арга хэмжээ авах хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй нь тогтоогдвол тухайн бизнес аж ахуйн нэгжийг жилийн орлогын дүнгийнх нь 6 хүртэл хувиар торгох, давтан зөрчил гаргавал ЕХ-ны хэмжээнд үйл ажиллагааг нь хориглох учиртай байна. “Мета” компанийн зүгээс ийм мөрдөн шалгалт явагдахаар болсон тухайд тайлбар өгөөгүй, зөвхөн өөрийнх нь платформуудад “эрсдэлийг илрүүлж, бууруулах сайтар үйл явц” ажилладаг гэж мэдэгджээ. “Мөн ЕХ-той хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өөрсдийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдээ гаргаж танилцуулах”-аар шамдаж байна гэж Мета-гийн төлөөлөгч ярьжээ.

ЕХ-ны гүйцэтгэх засаглал буюу Европын комиссын зүгээс тэрчлэн иргэд хооронд шууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэх үр дүнтэй хөндлөнгийн талбар байхгүй, бас сонгуулийн үйл явцыг шууд горимоор хянаж ажиглах боломжгүй байгаа зэрэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Зарим ажиглагч тоймчид гадны агентууд, түүний дотор Оросоос Европарламентын сонгуулийн үйл явцад нөлөөлөх оролдлого гарахаас сэрэмжлүүлж байгаа юм байна. Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен улмаар, албаныхан аливаа хууль бус үйлдлийн талаар хар сэжиг авах нөхцөлд “ардчилсан сонгуулийн үеийн онцгой журмаар” ажиллах болно” гэдгийг цохон мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо “Мета” компанийг хуурамч мэдээллийн асуудлаар мөрдөн шалгана  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй