Шууд Chart

БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ

2024-05-02 11:32:34

АНУ, Их Британи, Австрали гурван улсын аюулгүй байдлын түншлэл АУКУС эвсэлд Өмнөд Солонгос улс нэгдэх боломжийг талууд авч хэлэлцсэн байна. Австралийн Мельбурнд болсон Австрали, Өмнөд Солонгосын Гадаад хэрэг, БХЯ-ын сайд нарын “2+2” уулзалтын дараа Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Шин Вон Сик энэ тухай мэдээлжээ.

Цөмийн шумбагч онгоц судлан бүтээж Австралид нийлүүлэх болон байлдааны чадавхаа дээшлүүлэх үүднээс дэвшилтэт шинэ технологийн салбарт хамтрах гэсэн үндсэн хоёр чиглэлтэй түншлэлийн хоёр дахь тулгуур чиглэлд Өмнөд Солонгос хамтрах боломжийг талууд авч үзэж байгааг өмнөдийн сайд мэдээлсэн байна. Энэ нь ХОУ, электрон зэвсэглэл, дуунаас хурдан систем зэрэг аюулгүй байдлын технологиуд хөгжүүлэх, солилцох түншлэлд Сөүлийн оролцох боломж энд яригдаж байгаа гэсэн үг юм байна. Өмнөдийн сайд энэ үеэр улсынх нь ШУ технологийн өндөр хөгжил энэ 2 дахь тулгуур зорилтод дөхөм үзүүлнэ гэж итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Ази Номхон далайн бүс дэх Хятадын нөлөө тэлж бэхжихийг сөрөх зорилготой энэ эвсэлд Япон улс нэгдэх хүсэлт илэрхийлснээс 7 хоногийн дараа ийм яриа хэлэлцээ болсныг ажиглагч тоймчид онцолж байна. Цэрэг зэвсгийн технологи хамтран хөгжүүлэх, хуваалцах АУКУС эвслийн хоёр дахь тулгуур зорилтод нэгдэх боломжийг Япон, Өмнөд Солонгосоос гадна Канад, Шинэ Зеланд улсууд мөн судалж байгаа юм байна. 2021 оны 9-р сард АНУ, Их Британи, Австрали 3 улс энэ түншлэлийг байгуулсан цагаас хойш анх удаа ийнхүү тэлж өргөтгөх яриа өрнөх болсныг ажиглагчид тэмдэглэж байна. Тэрчлэн АНУ талаас технологи солилцох тал дээр хатуу хязгаарлалт тогтоож байгаа үед АУКУС-ийг шинэ гишүүдээр яаран тэлэх нөхцөлд бүх тал гацаа саадтай учирч болзошгүй гэдэг болгоомжлолыг Их Британи, Австралийн талаас өмнө илэрхийлж байсан. Улмаар Британи болон Австрали улсуудад энэ хорио хязгаарлалтаа сулруулах, хялбаршуулах төлөвлөгөөг АНУ-ын төрийн департамент өчигдөр зарлажээ. Гурван талт АУКУС түншлэлийг Хятад улс хэзээний эрс эсэргүүцэж ирсэн. Тус эвсэл шинэ гишүүдээр тэлж өргөжих нь бүс нутгийн байдлыг улам тогтворгүйжүүлнэ гэж Хятадын БХЯ-ны төлөөлөгч өнгөрсөн 7 хоногт мөн мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй