Шууд Chart

Зүүн Өмнөд Азид хэт халж байна

2024-05-02 12:27:12

Зүүн Өмнөд Азийн орнуудыг хамарсан ер бусын халуун цаг агаарын улмаас сургууль цэцэрлэгүүдийг хааж, ард иргэдэд тусгайлан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж байна. Мөн цахилгаан сүлжээний даац хэтэрч, ундны ус хомсдох, ургац тариалан ихээр сүйдэх аюулд орсон талаар мэдээлж байна.

Филиппин улсад гэхэд энэ долоо хоногийн эхнээс сургууль цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаасан, 47 мянга гаруй сургуулийн сурагчдыг гэрээс нь цахимаар хичээллүүлэх чиглэлийг холбогдох байгууллагаас гаргажээ. Мөн тус улс даяар хүмүүсийг гадаа ажил хөдөлмөр эрхлэхгүй байх, ус шингэн сайтар хэрэглэх, тэр дундаа бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад онцгой анхаарах зааварчилга зөвлөмжийг өгч байгаа юм байна. Нийслэл Манила хотод цельсийн 38,8 градуст хүрч сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй хэт халснаас 14 сая гаруй хүн амтай энэ хотын дэлгүүр худалдааны төвүүдэд агааржуулагчийн эрэлт ихсэж, хүмүүс асар олноороо дугаарлах болсныг орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлж байна.

Камбож улсад сүүлийн 170 жилийн хяналт ажиглалтын түүхэнд үзэгдээгүй өндөр градуст хүрч халж байгааг Усны нөөц, цаг уурын яамны төлөөлөгч нь Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ. Энэ долоо хоногтоо агаарын температур цельсийн 43 градуст хүрч халахыг тус яамнаас мөн сэрэмжлүүлсэн байна. Мьянмар, Тайланд, Тайландын нийслэл Бангкок хот болон өөр зарим бүсэд агаарын хэм 40-44 С градуст хүрчээ. Зүүн өмнөд Азид ихэвчлэн 2-5-р сарыг дуустал үргэлжилдэг зуны улирлын туршид өнгөрсөн жилийг бодвол 1-2 градусаар илүү халж, хур тунадас олон жилийн дунджаас бага байхыг цаг уурчид анхааруулсан байна. Тайландын өвчлөлд хяналт тавих урьдчилан сэргийлэх алба, энэ жилийн хэт халалтын улмаас 30 хүн нас барсныг мэдээлсэн. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 37 байжээ. Вьетнамд хэт халалтын улмаас ойн түймэр, ган гачиг нүүрлэж байгааг анхааруулж байгаагийн зэрэгцээ сүүлийн өдрүүдэд цахилгааны хэрэглээ даац эрс ихэссэнийг анхааруулж ард иргэдийг сэнс агааржуулах төхөөрөмжийн ачааллыг хэтрүүлэхгүй байхыг уриалж байна. Эрдэмтэн судлаачдын зүгээс ч хэт халалтаас шалтгаалсан нас баралт сүүлийн жилүүдэд дэлхий даяар нэмэгдэж байгааг мэдэгддэг. Гэхдээ Азийн тухайд, нөхцөл байдлыг бүрэн тодорхойлох аргагүй байгаа нь хэт халалтаас шалтгаалсан нас баралтыг яг хэрхэн яаж ангилж тогтоох дээр тогтсон жишиг ойлголт бий болоогүйтэй зарим талаар холбоотой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн Өмнөд Азид хэт халж байна  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй