Шууд Chart

“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

2024-05-02 15:09:25

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” ТББ-тай хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг 2024 оны долоодугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна.

2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой уг наадам энэ жил 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгож, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажилласнаар Нийслэл хотын эдийн засагт оруулах үр өгөөж 8-10 тэрбум төгрөг байх төлөвтэй байгаа аж.

“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулагдана. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид багтаж "Плэйтайм" наадмын хөтөлбөр нь Азийн тэргүүлэх фестивалийн хэмжээнд хүрч нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 21 улсын 50 гадаадын хамтлаг уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бие бүрэлдэхүүн гадаадаас оролцохоор болжээ.

“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг "Плэйтайм" наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг.

Энэ хүрээнд наадмын хог хаягдал ангилагдан дахин боловсруулагдаж, нэг удаа биш олон удаа ашиглагдах "Reusable cup" наадмын нэгэн соёл болж хэвшээд байна. Дээрх үзэл санаагаа улам бататган шинэ талбайдаа мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмж, Монгол орныхоо экосистемийг дэмжих, тэтгэхийн зэрэгцээ үзэгчдэдээ танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна.

Мөн талбайн төлөвлөлт монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй байх ба тайзнуудын концепц, шийдлүүдэд Монголын өв соёлыг агуулсан элементүүдийг шингээнэ. 

"Плэйтайм" наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэхүү хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, стэнд-ап комедианууд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 


“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй