Шууд Chart

Израилын Засгийн газар “Аль Жазира” сувгийг улсдаа хориглох шийдвэр гаргав

2024-05-07 07:38:47

Газын зурвас дахь дайн найм дахь сарынхаа босгон дээр ирсэн байгаа энэ үед Израил улсын Засгийн газар Al Jazeera агентлагийн үйл ажиллагааг улсдаа явуулахгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Катар улсад төвтэй энэ агентлаг бол Арабын орнуудын хамгийн том, дэлхийд хамгийн олон үзэгчтэй агентлагуудын нэг юм. Гэсэн ч энэ агентлагийн үйл ажиллагаа Израил улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд халдаж байна гэдэг үндэслэлээр тус улсын засгийн газар хориглох шийдвэр гаргаж байгаа юм байна. Аль Жазирагийн зүгээс харин Израилын энэ шийдвэр бол гэмт хэргийг шинж чанартай үйлдэл мөн гэж шүүмжилжээ.

Аль Жазира агентлаг Израилын аюулгүй байдалд халдсан зүйл огт байхгүй, Израилын Засгийн газрын энэ шийдвэр тус агентлагийн сэтгүүлч, ажилчдыг эрсдэлд оруулсан гүтгэлэг мөн гэж тус агентлагийн зүгээс байр сууриа илэрхийлсэн байна. Мөн хуулийн дагуу зохих арга хэмжээ авхуулахын тулд хичээнгүйлэн ажиллана гэдгээ мэдэгджээ. Тэгвэл Израилын засгийн газрын шийдвэр гарсны дараа Израилын хиймэл дагуул, кабелын телевизийн операторууд Аль Жазира сувгийг Израилын нутаг дэвсгэр дээр цацахаа зогсоосон байна.

Мөн Израилын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Аль Жазира агентлагийн салбарыг татан буулгахаар цагдаа нар ажиллаж эхэлсэн гэж Израилын харилцаа холбооны яам мэдээлсэн байна. Катараас санхүүждэг Аль Жазира агентлаг нь дайн эхэлснээс хойш Израилын Газын зурвас руу явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжлэлтэй хүргэж ирсэн. Мөн дайны нөхцөл байдлыг газар дээрээс нь дэлхий нийтэд түгээх үүргийг гүйцэтгэж байсан цөөн хэдэн агентлагийн нэг юм. Газын зурвасыг бүсэлсэн байгаа Израил улс олон улсын томоохон агентлагийн сурвалжлах багийг энэ бүс рүү нэвтрүүлэхгүй байгаа юм. Тиймээс нөхцөл байдлыг Палестины дотоодын сэтгүүлчид болоод Аль Жазира агентлаг л хамгийн ойроос хүргэж байсан. Арабын Аль Жазира агентлагийг Израилын ерөнхий сайд Биньямин Нетаняху олон түмнийг өдөөн турхирагч телевиз гэж тодорхойлж, Израилын нутаг дээрээс үйл ажиллагааг нь заавал таслан зогсооно гэж цахим хуудсаараа дамжуулж илэрхийлсэн байна. Аль Жазираг хориглох шийдвэрийг Израилын засгийн газрын гишүүд бүгд санаа нэгтэй дэмжсэнээс гадна “нэн даруй” хэрэгжүүлэх шийдвэрийн жагсаалтад оруулжээ. Гэхдээ Аль Жазирагийн зүгээс энэ шийдвэрийг шүүхдэх замаар зогсоох боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Засгийн газрын баталсан баримт бичигт дурдсанаар Аль Жазирагийн Израил дахь салбар оффисын үйл ажиллагааг зогсоож, техник тоног төхөөрөмжийг нь улсад хураан авч, сувгийг нь кабел болон хиймэл дагуулын сүлжээнээс хасахаас гадна вэбсайтынх нь үйл ажиллагааг ч хаана гэж дурджээ. Гэхдээ Газын зурвас дахь сурвалжилга үйл ажиллагааг нь тэр чигт нь хориглон зогсооно гэж дурдаагүй байгаа юм байна.

Израилын энэ шийдвэрийг Катарын засгийн газрын зүгээс юу гэж үзэж байгаа талаар албан ёсны хариу одоогоор байхгүй байна. Израил улс дайн эхэлснээс хойш Аль Жазираг хаана гэж анхааруулсаар байсан. Үүнийг Аль Жазирагийн зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдсан Израилын шат дараатай ажиллагааны нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд Газын зурвас дахь дайныг сурвалжилж байсан Аль Жазира агентлагийн хэд хэдэн сэтгүүлч амиа алдсан. Медиа агентлагийн зүгээс Израилын армийг бодлогоор сэтгүүлчдийг онилж дайрч байна гэж буруутгасан бол Израил энэ байр суурийг нь үгүйсгэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израилын Засгийн газар “Аль Жазира” сувгийг улсдаа хориглох шийдвэр гаргав  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй