Шууд Chart

БНФУ Парисын олимпын үеэр болзошгүй кибер халдлагаас сэргийлж ажиллана

2024-05-07 09:24:51

Энэ зуны хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг болох Парисын олимпын наадмын үеэр болзошгүй Кибер халдлагаас сэргийлж бэлтгэл ажил явуулж байна гэж Франц улс мэдээлсэн байна. Тэр дундаа кибер дайчид нэртэй тусгай мэргэжилтнүүд хакеруудын бодит чадавх, явуулж болзошгүй тактик, сул тал зэргийг нь тооцоолж ажиллаж эхэлжээ. Олимпын наадмын нэг чухал үйл явдал бол шууд дамжуулалт, мөн онооны систем байдаг. Эдгээр технологийн нарийн систем рүү кибер халдлага үйлдвэл дэлхийн энх тайвны томоохон наадамд маш том хохирол учирна гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм байна.

Кибер халдлагыг хэн ч хаанаас ч үйлдэх эрсдэлтэй учраас зайлшгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна. Тэр дундаа энэ удаагийн зуны олимпоор ОХУ-ын цэргийн хакерууд олимпын наадмын систем рүү халдах өндөр магадлалтай гэж Франц улс үзэж байгаа юм байна. Энэ удаагийн олимпын наадамд 10500 тамирчин оролцоно. Тэдгээрт очих шагнал, үнэлэлт дүгнэлт кибер доголдолгүй явагдах ёстой гэж кибер хамгаалагчид тайлбарлаж байна. Гэхдээ зохион байгуулагчид кибер аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх ажиллагаа харьцангуй чимээгүй явагдахад анхаарч байгаа юм байна. Кибер аюул нь өөрөө маш их үймээн дэгдээх эрсдэлтэй, ялангуяа уралдаан тэмцээний үеэр маргаан дэгдэх хамгийн эрсдэлтэй талбар байдаг тул оролцогчид болон үзэгч түмнийг сандаргахгүйн тулд чимээгүй ажиллахыг зорьж байна гэж дурджээ. Тиймээс кибер хамгаалагчдын ажиллах үндсэн системийн төвийг олимпын наадмын үеэр чандлан нууцална гэж дурдсан байна. Парисын олимпын үеэр тэмцээний цахим системүүд кибер халдлагад өртөх хамгийн эрсдэлтэйгээс гадна Парис хотын дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, худалдаа үйлчилгээний салбарууд ч энэ төрлийн халдлагад өртөх магадлалтай гэж зохион байгуулагчид үзэж байна. Франц улс ОХУ-ын хакеруудаас сэрэмжилж байгаагаас гадна одоо Украинтай дайтаж байгаа тул ОХУ-ын багийн тамирчдыг энэ зуны олимпод оролцуулахгүй гэж хориглосон. Цөөн тооны ганцаарчилсан төрөлт спортод ОХУ-ын тамирчид цагаан тугийн доор оролцох эрх авч чадсан байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ Парисын олимпын үеэр болзошгүй кибер халдлагаас сэргийлж ажиллана  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй