Шууд Chart

"Номын баяр" маргааш нээлтээ хийнэ

2024-05-17 11:34:16

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.

Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй "Номын баяр"ын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.

“Номын баяр”-ын арга хэмжээнд монголын зохиолчдоос гадна гадаадын алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон билээ.

"Номын баяр" бол зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн бөгөөд уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна.

Энэ өдрүүдэд “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д олгодог нэрэмжит шагналаа УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулах юм.

Мөн "Номын баяр"-ыг зорьж ирсэн уншигчид Парламентын номын сангаас дэлгэсэн монгол төрийн түүхийг илтгэх ном, судалгаа, түүх, бичиг соёлын үнэт сан хөмрөгтэй танилцах боломжтой хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


"Номын баяр" маргааш нээлтээ хийнэ  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй