Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Австрали улсад төвтэй “Sight For Аll” төсөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Австралийн Сиднейн их сургуулийн эмнэлгийн нүд судлалын мэргэжлийн зөвлөх эмч нарын баг УГТЭ-т ажиллалаа.
Зочин профессорын баг тус эмнэлгийн нүд судлалын мэргэжлийн эмч нартай хамтран нүдний даралт ихсэлт өвчний оноштой 20 эмчлүүлэгч, мэдрэлийн шалтгаантай нүдний эмгэгтэй 25 эмчлүүлэгч нийт 45 хүнд хамтарсан лавлагаа үзлэг хийж, нарийвчилсан оношилгоо эмчилгээний талаарх зөвлөгөөг өглөө.
Мөн нүдний даралт ихсэх эмгэгтэй 10 хүнд хамтарсан мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
Хамтран ажиллах хугацаанд зочин профессрууд нүдний даралт ихсэх өвчин болон нейро-офтальмологийн оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар УНТЭ, МЯСЭ, Окулопластик нүдний эмнэлэг зэрэг нүд судлалын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй төр хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын нийт 40 гаруй эмч, эмнэлгийн мэргэжлтэнг танхим болон ажлын байрны мэс засал-сургалтад хамруулж чадавхжууллаа.
Ташрамд дурдахад, 2009 онд Өмнөд Австралийн нүдний мэргэжлийн 3 эмчийн санаачилгаар анх үүсэн байгуулагдсан “Sight For All” байгууллага нь Австрали улс төдийгүй Азийн дундаас доогуур орлоготой хөгжиж буй улс орнуудын хүн амын дунд зайлсхийж болох, эмчлэгдэх боломжтой сохролыг бүх хэлбэрээр арилгахад чиглэгдсэн нүдний эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлж, мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг чадвар олгох, хамтарсан судалгаа хийх, оношилгоо эмчилгээний чадамжийг сайжруулж, дэд бүтцэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтвортой явуулж буй юм гэж Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ.
УГТЭ Сиднейн их сургуулийн эмнэлэгтэй хамтран нүдний төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүллээ | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.