Шууд Chart

БНТУ дотооддоо бүтээсэн харилцаа холбооны анхны хиймэл дагуулаа хөөргөв

2024-07-10 11:14:36

Турк улс дотооддоо бүтээсэн “Turksat 6А” хэмээх харилцаа холбооны анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ.

Турк улс ийнхүү дэлхий орчмын тойрог замд өөрийн хүчээр бүтээсэн хиймэл дагуулаа ажиллагаанд оруулснаар хиймэл дагуулын технологи үйлдвэрлэгч 11 улсын нэг боллоо гэж Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган энэ үйл явдалд зориулсан ёслолын үеэр цохон мэдэгдсэн байна.

Өчигдөр шөнө АНУ-ын Флорида дахь сансрын буудлаас “SpaceX” компанийн “Фалкон” 9 пуужингийн тусламжтай уг хиймэл дагуулыг хөөргөснийг “Анадолу” агентлаг мэдээлсэн байна.

Хөөргөснөөс 67 минутын дараа хиймэл дагуулаас анхны дохиог хүлээж авчээ.

Энэ хиймэл дагуулын туслах системүүд, газрын станц, программ хангамж зэргийг дотоод нөөц боломжоо дайчилж бүтээснээр импортыг орлох үзүүлэлт нь 81-ээс дээш хувьтай гарсан нь Туркийн мэргэжилтнүүдийн бүтээж боловсруулсан технологи гэж үзэх бүрэн үндэс болж байгааг Туркийн Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.

Туркийн инженер, судлаачдын 10 жилийн хөдөлмөрийн үр шим болсон 4.2 тонн жинтэй энэ хиймэл дагуул тойрог замын дорнод өргөргийн 42 градусын өнцөгт байрлаж, 15 жил хүртэл хугацаанд ажиллах хүчин чадалтай байна.

Туркийн мэргэжилтнүүд хамгийн анх 1996 онд "Turksat 1B" хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш 2021 оныг хүртэл нийт 8 удаагийн шинэчлэн сайжруулсан загваруудыг хөөргөж байсан байна.

Энэ удаа Туркийн Сансрын агентлаг, батлан хамгаалах аж үйлдвэрүүд бусад шинжилгээ судалгааны байгууллагууд хамтран бүтээсэн "Turksat 6A" хиймэл дагуулын төсөл 2014 оноос эхэлж, сая ашиглалтад оруулж байгаа нь энэ юм байна.

Уг хиймэл дагуулын бүх туршилтын үйл явц дууссанаар жилийн дараагаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж мэдээлсэн.

Үр дүнд нь Туркийн хиймэл дагуулуудын үйлчилгээний хамрах хүрээ мэдэгдэхүйц нэмэгдэж, Европ, Зүүн Африк, Ойрх Дорнод, Азийн бүс нутаг даяар 5 тэрбум хүн амд Туркийн телевиз, радио, онцгой байдлын холбоо харилцааны үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ дотооддоо бүтээсэн харилцаа холбооны анхны хиймэл дагуулаа хөөргөв   
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй