
Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлийн яамны “Бүтээмжийн цаг”-ийн эхний хэлэлцүүлэг "Хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдвээр салбарын өнөөгийн байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл солилцох хэлэлцүүлэг 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, холбогдох албаны хүмүүс болон хорь гаран мэргэжлийн байгууллагууд оролцлоо.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан ба Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хог хаягдлын менежментийг сайжруулж хог хаягдлыг бууруулах, хүн амын амьдрах тав тухтай эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр зорилтуудыг тодорхойлсон байдаг.
Хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 2025 онд 30 хувь, 2030 онд 40 хувьд хүргэх, Ногоон хөгжлийн бодлогод байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2030 онд 40 хувь бууруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн. Улсын хэмжээнд хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах, хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгжихгүй байгаа юм.
Иймд энэхүү уулзалтаар Хог хаягдлын цогц менежментийг бий болгон боломжит арга, технологи, байгальд ээлтэй практик нэвтрүүлэх, хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц баялгийг хэмнэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах талаар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн төлөөлөл болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан харилцан санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгахаар болов гэж Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлийн яамнаас мэдээллээ.
"Хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдвээр хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.