Эрүүл сайд Т.Мөнхсайхан Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн гишүүн, төслийн удирдагч Хью Парсонс, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн нарийн бичгийн дарга Кристин Туано нарыг хүлээн авч уулзлаа.
Лаурел сан 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.
Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал байхдаа уулзаж байсан. Дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Канад улсаас Монгол Улсын хүн амын нүдний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээ.
Хью Парсонс уулзалтын үеэр монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудлыг хөндлөө. Мөн тэрбээр нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулж, нүд судлалын резидентийн сургалтыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр нь Канадынх бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарын онцлогт тохируулсан гэдгээрээ онцлог. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдах боловсон хүчнийг сонгох асуудалд анхаарч өгөхийг хүслээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, эрт илрүүлэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй. Энэ жилээс сургуульд суурилсан эрт илрүүлгийг эрчимтэй хийхээр ажиллаж байна. Тооцоолж байгаагаар ЕБС-ийн хүүхдүүдийн 21 хувь нь нүдний өөрчлөлттэй байх магадлалтай. Энэ тал дээр бид онцгой анхаарна.
Резидент эмч нарын сургалтын хөтөлбөрт анхаарах асуудал бий. Нүдний мэс засал бол маш нарийн ур чадвар шаарддаг. Тиймээс танай сантай хамтран мэс заслын эмч нараа олон улсын түвшинд хүргэж, чанарыг нь сайжруулах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Лаурел сантай хамтран нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсын түвшинд хүргэнэ | ||
Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.