Шууд Chart

О.Алтангэрэл: Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулахаар судалгаа хийж байна

2024-10-30 14:05:00

“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
 
Хэлэлцүүлэгт эрүү шүүлттэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдлын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, энэ төрлийн гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал, мөн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар бодит судалгаануудыг танилцууллаа.
 
Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээллийг танилцуулсаны зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг таслан зогсоох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Түүнчлэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг тусгах болон шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бие даасан хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөн, холбогдох судалгааг хийж байна” гэж мэдэгдлээ.
 
“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрууд хамтран зохион байгуулав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.  
 

О.Алтангэрэл: Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулахаар судалгаа хийж байна  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй