Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III”-ыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэмсэг эмэгтэй парламентчид аа,
Эрхэм хүндэт зочид, оролцогчид оо,
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү эхний арга хэмжээний нээлтийн өдрийн мэндийг хүргэе.
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III” -аар эхэлж байна.
Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлэх, улам бүр төгөлдөржүүлэх, олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах, бүс нутгийнхаа хэмжээнд манлайлал үзүүлэх томоохон зорилгын төлөө ажиллаж байна. Энэ ч утгаараа ес дэх удаагийн парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлж чадсан. Нийт 32 эмэгтэй парламентад сонгогдож, 25 хувиар эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадлаа. Энэ нь бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх, дэлхийн дунджид хүрсэн томоохон үзүүлэлт болсон юм.
Эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн үе үеийн туршлагатай эмэгтэй парламентчид хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлье.
Жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө Монгол Улсын Их Хурал, улс төрийн намуудтай хамтран ажиллаж ирсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.
Их эзэн Чингис хааны үеэс Монголын төрийн үйл хэрэгт мэргэдийг шадарлуулахын зэрэгцээ хатдын оролцоо өндөр байж ирсэн төрт ёсны уламжлалтай. Энэ уламжлалаа хадгалан, Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг билээ.
Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна.
Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай явуулж, улс төрийн намууд нээлттэй санал солилцох, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах үйл явцыг амжилттай зохион байгуулсан. Тухайн үеийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч анх удаа улс төрийн намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж буйгаа дурдаж байсан. Энэ нь монголын парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, эрх тэгш байдлыг хангахын төлөө гаргасан томоохон санаачилгыг дэмжсэн явдал юм. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцөл, ойлголцлын дүнд 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томоохон шинэчлэлийг хийж чадсан.
Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, улс төрийн намуудаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн жишигт нийцүүлэх шаардлага тавьсан нь энэхүү дэвшлийг нотолсон үйл хэрэг болсон. Бодит үр дүнгүүд ийн гарч улс төрийн намуудын хандлага өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуульд ч томоохон шинэчлэлийг тусгаж чадсан. 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Улс төрийн намын тухай хуулиар намын шийдвэр гаргах түвшинд төлөөллийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь байхаар тусгаж чадсан. Энэ нь бидний тавьсан зорилт бүрнээ хангагдах томоохон суурь юм. Олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь давхцаж гэмээнэ бодитой өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадна гэж дүгнэдэг. Үүнийг бид хийж чадсан нь дээрх үйл явцаар нотлогдож байна гэдгийг Та бүхэндээ хэлье.
Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бидний гаргасан санаачилга өнөөдөр биеллээ олж байгаатай адил цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Энэ бүхнийг хуульчилж, зохион байгуулах боломжгүй ч улс төрийн манлайлал, идэвх зүтгэлийн үр нөлөөгөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түвшинд энэ байдал илүү баталгаажиж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө идэвх санаачилга гарган ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал, “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зэрэг бодлогын түвшинд олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ бүхэн нь Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлын төлөөх бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн нотолгоо гэж үзэж байна. Цаашдаа бид бүс нутгийн хэмжээнд парламентын засаглалтай улс орнуудын дунд илүү манлайлалтай ажиллана.
XXI зууны чиг хандлага, монголчуудын өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлт нь нэг бодлого дээр төвлөрвөл бидний энэ зорилго бүрнээ хангагдана гэж үзэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлнэ гэдгийг хэлье.
Эрхэмсэг хатагтай, бүсгүйчүүд ээ,
Монголын түүхэнд хатад, бүсгүйчүүд төр улс, эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл, оюунаа чилээж, эрдэм мэдлэг, ур ухаанаа дайчлан зүтгэж байсан гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа Та бүхний ариун үйлс улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиар хангаж чадсан нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болсон | ||
Үзсэн: 232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.