Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2024-11-04 15:52:03

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 41 дэх дугаар хэвлэгдлээ. Шинэ дугаарт “Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Үүнд: 1/Очирбатын Амгаланбаатар, 2/Дашдондогийн Ганбат, 3/Дамдины Цогтбаатар, 4/Баттөмөрийн Энхбаяр, 5/Жадамбын Энхбаяр.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай“, “Журам батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай“ Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан байна. “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын зорилго нь Газрын тухай хуулийн 602.1-д заасан газрын эрхийн маргаантай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Харин маргаан таслах зөвлөл нь газрын эрхийн маргаантай холбоотой  гаргасан гомдол, хүсэлтийг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон хянан шийдвэрлэх юм. “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ий дарга нь Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, гишүүд нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын кадастрын асуудал хариуцсан нэгжийн дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын газар зохион байгуулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторын Ажлын албаны дарга, Нийслэлийн газрын албаны кадастрын асуудал хариуцсан нэгжийн дарга, Нийслэлийн газрын албаны хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга, “Монголын газар зохион байгуулагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга нь Нийслэлийн газрын албаны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийн дарга байх ажээ. “Журам батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын зорилго нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10.1-д заасны дагуу нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад  орших бөгөөд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөөс бусад газар чөлөөлөх харилцаанд  үйлчлэхгүй ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй