УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой өнөөдөр /2024.11.05/ уулзлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүл хөрсөнд ургасан эх орны хүнсний ногоогоор иргэдээ хангах зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн тариаланг нэн тэргүүнд дэмжих шаардлагатай байгааг дурдаад, энэ хүрээнд хүлэмжийг олноор байгуулах, мэргэжилтнүүдийг сургах талаар холбогдох яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар товч мэдээлсэн. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн оношилгооны төвүүд байгуулах асуудлыг хөндөж, ингэснээр нийслэлд ирж эмчлүүлэх хөдөлгөөн багасч эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Гагцхүү бүсийн оношилгооны төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудал тулгарч байгааг тэрбээр тодотгоод, ялангуяа алслагдсан баруун бүс нутагт эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх нэн шаардлагатай байгааг онцолсон. Байнгын хорооны дарга дээрх хоёр асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүслээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, газар тариалан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг дурдаад, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулахад хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Манай улсын Эрүүл мэнд, халамжийн яам, Эрүүл мэндийн сангийн дэмжлэгтэйгээр зүүн бүсийн аймгуудад зарим халдварт өвчний судалгаа хийх зэргээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-аас шууд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулан ажиллаж эхэлсэн. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжгүй учраас дараагийн шатлалын эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэдийн санхүү, эдийн засагт хүндээр тусаж байгааг ойлгож байна.
Бүсийн төвүүдийн эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарч, хамтран ажиллах боломжийг буй болгоход Элчин сайдын хувьд хичээн ажиллах болно гэлээ. Мөн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран газар тариалангийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж буйг тодотгоод, энэхүү хамтын ажиллагааг хүлэмжийн тариалан эрхлэхэд чиглүүлэхэд анхаарахаас гадна энэ талаарх хөрөнгө оруулалтыг судлан хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Бейсен Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа | ||
Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.