Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Эдүгээ манай улсын эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тогтолцоо ЭМДҮЗ, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хэлтсүүд, сумдын байцаагчдаас бүрдэж байна. ЭМДҮЗ нь Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хамтын удирдлагын бүтэц бөгөөд Засгийн газар, ажил олгогч, даатгуулагчдыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүнтэй. Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд 2023 онд нийт зургаан удаа хуралдаж, 12 тогтоол баталжээ.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ, 2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3240.0 даатгуулагч хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь байсныг дурдаж, тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг 1564.0 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 97.5 хувьтай биелснийг танилцууллаа. Үүний 43 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 41 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16 хувийг даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэлийн орлого эзэлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 онд 1785.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 974.0 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 359.0 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 249.0 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 99.0 тэрбум төгрөгийг эмийн санд олгосон бол 43.0 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд, 39.0 тэрбум сувилалд, 11.0 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна. Төсвийн зарлагын гүйцэтгэл 222.0 тэрбум төгрөгөөр давсан учир 2023 оны эрсдэлийн сангийн 40.0 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ. Мөн 2022 оны 60.5 тэрбум төгрөгийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвөөс барагдуулж ажилласан байна.
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад 36.8 хувиар өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218.3 тэрбум төгрөгөөр хэтэрснийг сайд мэдээлэлдээ дурдаад, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолоор 1500-аас доош хүн амтай, 23 сумын эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан тэгш байдлын коэффициентыг хоёр дахин, амбулаториор үзүүлэх тусламж үйлчилгээ болон өдрийн эмчилгээний нэр төрлийг олшруулж, тарифыг 20 хувиар нэмэгдүүлснийг мэдээллээ. Мөн жирэмсний хяналтын багцад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх, шүдний тусламж үйлчилгээ авах зэргийг багтааж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тарифыг ялгаатай байдлаар шинэчлэн тогтоож, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг гуравдагч шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр авах санхүүжилтийн тариф буурахаар, түүнчлэн иргэн өөрийн хүсэлтээр хоёр дахь шатлалын эмнэлгээс авах боломжтой үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд хамтын төлбөрийг илүү өндөр төлөхөөр зохицуулж, энэхүү хамтын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хувиар тооцдог байсныг тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлсэн байна. Өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг үнэлж байсан 14 шалгуур үзүүлэлтийг цөөрүүлж, мэдээллийн эх сурвалж, тооцох аргачлалыг нэг эх үүсвэртэй болгожээ. Урьдчилан сэргийлэх багцын төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан шинэчилж, тарифыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас шинээр буюу өмнө огт үзүүлж байгаагүй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлэх тохиолдолд харгалзах шалгуур үзүүлэлтээр чадавхыг үнэлэхээс гадна мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болгох зохицуулалтыг бий болгосон байна. Эдгээр бодлогын арга хэмжээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэний халааснаас төлөх төлбөрийн хэмжээ буурахад ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илэрхийлэв. Тэрбээр үүнийхээ жишээ болгож хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 800 мянган төгрөг хүртэл тарифын тусламж үйлчилгээнд 50 мянган төгрөгийн тогтмол хамтын төлбөр тогтоож, тарифыг тогтмол дүнтэй болгосон болон элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төлбөрийн 113.6 сая төгрөгөөс иргэн 28.4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.7 дахин бууруулж, 5.0 сая төгрөг болгосныг нэрлэсэн юм. Амбулаториор тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 2022 онтой харьцуулахад 40.3 хувиар, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэд 57 хувиар тус тус нэмэгджээ.
ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллийнхээ төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналыг танилцуулсан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ ЭМД-ын сангийн төсвийг давхар нэмэгдүүлж байх, даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж, Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76.2 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байгааг мэдээлсэн юм.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ж.Баясгалан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланд дурдагдсан 250.0 тэрбум төгрөгийн зөрчлийн тухай, хавдрын, тэр дундаа хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулах, эсэх тухай, ЭМДҮЗ тогтоол шийдвэр гаргах, түүнд өөрчлөлт оруулахдаа судалгаа тооцоонд хэр үндэслэдэг, өдрийн сувилал зэрэг зарим тусламж үйлчилгээний санхүүжилт жил бүр нэмэгддэг атлаа яаралтай тусламж зэрэг зарим үйлчилгээний санхүүжилт хасагдаж байгаагийн шалтгаан, тайлангийн хэлэлцүүлэг юуны учир оройтсон, малчид, оюутан залуусын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг хэрхэн нэмэгдүүлж, эрт илрүүлэгт хамруулах зэрэг олон асуудлаар асуулт асууж байлаа.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс яагаад хүүгийн орлого орохгүй байгаа, төр хариуцах тусламж үйлчилгээний зардлын төлөвлөлт болон гүйцэтгэл адил дүнтэй байгаагийн учир болон өр үүссэн шалтгаан, тэдгээр шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр хийгдсэн ажлууд, эрүүл мэндийн эрсдэл гаргаагүй, үйлчилгээ аваагүй даатгуулагчдад урамшуулал олгодог болох, эсэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 170 албан хаагчийн 50 орчим нь орон нутагт, 128 нь ерөнхий газартаа ажиллаж байгаа нь юутай холбоотой болох, цаашид салбарын хэмжээнд ямар бүтцийн шинэчлэлт хийх, зөвлөлийн гишүүд, ажлын алба төвөөс алслагдсан аймаг сумдад хүрч ажиллах зэрэг асуудлыг хөндөв. Түүнчлэн, ЭМДҮЗ нээлттэй хуралдаж, мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхайн мэдээлж байх, бие даан хараат бусаар ажиллах, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавих боломжийг нэмэгдүүлж өгөх, тэдгээрийн үүсгэсэн өр төлбөрийг хаах, тэглэх, улсын төсвөөс барагдуулах зэрэг нэг удаагийн арга хэмжээ авахгүй байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах талаар ямар санал, санаачилга гаргаж ажилласан, тус сан арилжааны банкуудаас авах авлагаа барагдуулах талаар идэвх санаачилгатай ажилласан эсэх, энэ талаар хууль, хяналтын байгуулагуудтай хамтарч ажиллах, өр авлага үүсгэж, дур зоргоороо авирласан хүмүүст ямар хариуцлага тооцох, орлого, зарлагын бүтцийг цаашид хэрхэн шинэчлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлдэг байх, эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог өргөжүүлэх, халдварт өвчний эрт илрүүлгийг тусгай хөтөлбөрөөр явуулах, эмнэлэг болгон ашиглаж болох объектуудыг банкны барьцаанаас чөлөөлж ашиглах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөн асууж, ЭМДҮЗ-ийн дарга гишүүд, ЭМД-ын ерөнхий газар болон Үндэсний Аудитын газрын удирдлага, нэгжийн дарга нараас хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн даатгалын санд үүсээд байгаа өр авлага бол 2021 оноос буюу Ковид19 цар тахлаас шалтгаалан үүссэн бөгөөд буцааж санд төвлөрүүлэх байсан боловч энэ ажиллагаа гүйцэт хийгдээгүйгээс хуримтлагдсан гэсэн юм. Мөн Хавдрын эмнэлэг барих 12 га газрын зөвшөөрөл гарсан, зураг төслийг боловсруулах гүйцэтгэгч шалгараад байгаа гэдгийг мэдээлсэн юм.
Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланг хэлэлцэж буйтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн 218.0 тэрбум төгрөгийн өр, авлагыг 2025 онд багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа илэрхийлээд, ЭМДҮЗ-ийн гишүүдийн эрх, үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс тус зөвлөлийн дүрмийг шинэчлэх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүдийг ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөж, хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааны үр нөлөөг сайжуулах шардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын бүтцийг шинэчлэн сайжруулах талаарх саналаа Улсын Их Хуралд эртхэн оруулж ирж шийдвэрлүүлэхийг зөвлөөд, түүнд агуулагдаж буй асуудлуудыг эхнээс нь дэс дараатайгаар шийдээд явах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны эв санааны нэгдлийн болон эрх тэгш байх зарчим цаашид хадгалагдах учир санд хэн, ямар хувь нэмэр оруулж байна, тэр хэмжээгээрээ үр өгөөж хүртдэг механизмыг хэрэгжүүлэх, цахим шилжилттэй холбоотой сайн туршлагыг шуурхай нэвтрүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр, аливаа асуудалд судалгаа шинжилгээтэй хандах шаардлагатайг тэмдэглээд, ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулж ажилд нь оруулахыг зөвлөв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээл дэх монополыг задлах талаар ярилцаж байснаа дурдаж, энэ мэт асуудлаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороонд хандаж, хамтран ажиллаж байхыг зөвлөсөн юм. Малчид, оюутны даатгалд хамрагдах байдлыг сайжруулах талаар Улсын Их Хурал улс төрийн шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр өгүүлээд, сургалтын төлбөр, хоршооны зээл зэрэг орлого, зарлагын зүйлд нь суулгаж өгөх боломжийг эрэлхийлж ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарын ажил ялангуяа, хөдөө орон нутагт, сумдад ихээхэн цалгардаж байгааг шүүмжлээд, өнгөрсөн онд Улсын Их Хурлаас баталсан Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын үйл ажиллагааны уялдааг сайжруулах шаардлагатайг онцолж, салбарын тогтолцоо шилэн байх тал дээр Үндэсний зөвлөл санаачилгатай ажиллах хэрэгтэй байна гэв. Тэрбээр, техникийн хороодоо байгуулж судалгаа, нотолгоотойгоор тогтоол шийдвэрээ гаргаж, үнэ тарифыг зөв тогтоож ажиллахыг ЭМДҮЗ-ийн гишүүдэд зөвлөж, Монголын иргэд эрүүл мэндээсээ болж ядууралд ордоггүй байх тогтолцоог та бүгд хийх ёстой гэлээ. Мөн эдгээр асуудалд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам дэмжлэг үзүүлж, манлайлалтай, нягт хамтран ажиллах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн яам, ЭМДҮЗ болон холбогдох газрууд салбарынхаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Байнгын хороо, яам, үндэсний зөвлөл эрчимтэй хамтран ажиллаж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналтын шинжилгээний хэлтсээс хийсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмыг шинэчлэх, ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулах зэрэг олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг сануулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв
НББХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны тайланг сонсож, хэлэлцлээ | ||
Үзсэн: 312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.