Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгсжээ

2025-01-18 08:09:44

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгслөө. Тэрээр 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газарт төржээ.

Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонт, Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат нь,

1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн,

1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер,

1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд,

1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд,

1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга,

1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд,

1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга,

1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч,

1992 оны 2 дугаар сараас 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.

2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн,

2010 оноос уул уурхайн компани болох “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн байв.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгож байв.

П.Очирбатын гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагналыг тус тус хүртээсэн юм.

Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмэр, ажилч хичээнгүй, төлөв даруу зан чанарыг бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Талийгаачийн гэр бүл,  төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгсжээ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй