Шууд Chart

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

2025-05-08 14:12:18

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр гүүр барих ажлын явц 82 хувьтай байна.

Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай.

Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс таван байршилд алгасал угсарсан, холбоос төмөрбетон арматурыг мөн угсарч байна.

Зайсангийн гүүр барих ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани дангаар гүйцэтгэж, өнөөдөр барилгын талбайд 20 техник хэрэгсэлтэй 35 инженер, техникийн ажилтан ажиллаж байлаа. Зайсангийн уг шинэ гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулна. Хуваарийн дагуу ажил явагдаж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ийнхүү зургаадугаар сард багтаан барьж дуусгах юм.


Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна   
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй