Шууд Chart

Н.Халиунаа: Цахим мөрийтэй тоглоомоос болж зөвхөн нэг хүн хохирдоггүй, тэдний гэр бүл ч бас давхар хохирч байдаг

2025-05-09 17:43:41

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Тус гэмт хэргийн шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Халиунаас тодрууллаа.

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож, хохирох тохиолдлууд их гарч байна. Ялангуяа залуучууд хор уршгийг нь ухамсарлахгүй цахим мөрийтэй тоглоомд ихэнх цагаа өнгөрүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт тус дүүргийн хэмжээнд ямар байна вэ?  

Техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаад шинэ төрлийн гэмт хэргүүд нэмэгдэхэд нөлөөлж байна. Үүний нэг нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг юм. Мөрийтэй тоглоом нь тоглож буй нэг хүнээс гадна, гэр бүлд нь цаашлаад нийгэмд хор нөлөөтэй байдаг.  Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын дээд шүүх 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Мөрийтэй тоглоом гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” хэмээн тайлбарласан.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, 2024 оны 7 дугаар сараас хойш 7 сарын хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150 сая төгрөгөө алдсан гэх хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.  

Харин мөрийтэй тоглоом тоглосон иргэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар торгох шийтгэл оногдуулдаг. Тиймээс иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглосон үйлдлүүдийн аль аль нь хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгох нь чухал байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг хэрхэн үйлдэгдэж байна вэ?

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид “poker” буюу мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж, хэд хэдэн хаягаар нэг тоглогчтой тоглодог. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын нэг өрөөнд 8 иргэн байна гэж бодоход тэдний олонх нь тоглоом зохион байгуулагчид өөрсдөө байдаг бөгөөд олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч хаягууд нээн, бүх хөзрийг харж байдаг гэсэн үг. Тиймээс эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цахим орчинд мөрийтэй тоглоом тоглохгүй байхад онцгой анхаарахыг зөвлөмөөр байна.  

Энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөрийтэй тоглоомд донтсон иргэн эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдахаас гадна өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, хэвийн амьдрах боломжоо алдах зэрэг хор уршиг дагуулж байдаг. Цаашлаад тоглох мөнгөө олохын тулд бусдын эд хөрөнгийг залилах, хулгайлах зэрэг бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироох тохиолдол гарч байна.  

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Б цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулан 4 удаагийн үйлдлээр 18 сая төгрөгийн ашиг олсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Түүний зохион байгуулсан мөрийтэй тоглоомд насанд хүрээгүй хүүхэд тоглож, эцэг эхийнхээ мөнгийг алдсан байсан.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас өнгөрсөн онд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 4 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай иргэдээс нийт 27.4 сая төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулсан.

Цахим мөрийтэй тоглоомын хохирогч болохгүйн тулд цахим орчинд мөрийтэй тоглоом тоглохгүй байх, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх нь иргэдээс өөрсдөөс нь шалтгаална гэдгийг ойлгож, ухамсарлах хэрэгтэй байна.  

Хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Мөн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүлээлгэх хариуцлага нь нэмэгддэг.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл /Мөрийтэй тоглоом тоглох/-д “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан байна.      


Н.Халиунаа: Цахим мөрийтэй тоглоомоос болж зөвхөн нэг хүн хохирдоггүй, тэдний гэр бүл ч бас давхар хохирч байдаг  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй