
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохын зэрэгцээ Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, эдүгээ бүс нутагтаа найрсаг хөршийн үлгэр жишээ харилцаа болон хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
Бүс нутаг, олон улс дахь хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр бэлчээр, усны нөөцийн нэгдсэн менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон дэд бүтцийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт хятадын тал манлайлан хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.
Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хийсэн гурван талын VII уулзалт амжилттай болж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг эрчимжүүлэх, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, эдгээр төсөл нь гурван улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян хэлэхдээ, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага, чиглэл дор хурдацтай хөгжиж байгаа бөгөөд талуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход Хятадын Төрийн зөвлөлөөс өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.
Цаашид хоёр тал болон гурван талын төслүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ажил хэрэг болгохын төлөө байгааг мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа | ||
Үзсэн: 206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.