
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.
Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа.
Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлгийн хамт олон, тэдний найдвартай ар тал нь болсон гэр бүлд нь Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.
Эмнэлэгтээ анх удаа зүрхний титэм судсан дотуурх эхо оношилгоо хийн, хоёр удаа амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж, цаашид бусад мэс заслыг шинээр нутагшуулах гэж байгаа нь ард иргэд, цэрэг дайчдын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт оруулж буй томоохон ахиц дэвшил гэдгийг тэмдэглэлээ.
Цар тахлын жилүүдэд эмнэлгийн хамт олон өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо.
Мөн “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний гурван хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.
Цаашид эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, түүний дотор нийтийн биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тусыг хүн бүрт сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр манлайлан ажиллахыг хүслээ.
Тус эмнэлэг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Удирдлага, Штаб, Эмнэлэг анги, Поликлиник, Ар тал, хангалтын албатай.
Улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, төрөл бүрийн хордлогын яаралтай тусламж үзүүлдгээрээ улсын чанартай бусад томоохон эмнэлгээс ялгардаг.
2025 оныг “Үг бүрт хандлага-Үйлдэл бүрт чанар” уриан дор эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон ажиллаж байна.
Цэргийн төв эмнэлгийн 1,200 гаруй эмч, мэргэжилтэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бөгөөд цэргийн баг нь одоо ч Бүгд Найрамдах Өмнөд Судан, Ливанд үүрэг гүйцэтгэж байна.
Эмнэлгийн алба хаагчид мөн Турк Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон юм.
Цэргийн төв эмнэлэг 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдсан. Эмнэлгийн эмч, ажилтнууд Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож, галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, цэрэг дайчдыг эмчлэх, хээрийн эмнэлгүүд байгуулах, шаталсан эмчилгээ хийх зэргээр төр, засаг, цэргийн дээд командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж байсан түүхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа | ||
Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.