
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, төвөөр зорчих автомашины урсгалыг сааруулах зорилготой “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэллээ.
Төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт дуусаж, ТЭЦ 3-ын үнсэн сангийн байрлалд кемпийн барилгын ажил эхэлж бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэр хийгдэж байна. Түүнчлэн нэг болон хоёрдугаар тойрог замтай нийлэх хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч болон захиалагчийн хяналттай уулзалт хийж, тухайн хэсгүүдийн төлөвлөлтийг гүйцэтгэж байна.
Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ бүхий, 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннельтэй байхаар төлөвлөгдсөн. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, орчин үеийн архитектурын өнгө төрхтэйгээр орчин үеийн стандартаар баригдах цогц авто замын төсөл юм.
Зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох цогц төсөл юм. Төслийн үр дүнд хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан гэж Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.