Шууд Chart

Согтуудаа мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 988 хүнийг торгожээ

2025-10-03 11:56:06

Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Эрүүл аюулгүй аялал” аяныг 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс 2025 оны есдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Тодруулбал, Зам, тээврийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч даргын 2025 оны зургадугаар сарын 04-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран боловсруулж, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, холбогдох газруудад хүргүүлж, биелэлт, үр дүнг тооцон ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Олон улс, улсын чанартай авто замд байрлуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр авто замын арчлалт хариуцсан байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих,
  2. 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн зам хариуцсан байгууллагуудтай нийт 2 удаагийн хамтарсан үзлэг хийж, 70,438 мянган м.куб хатуу хучилттай авто замын эвдрэлийг тогтоож, 1213 тэмдэг солих, 803 тэмдгийг засварлах, 151 тэмдэг шинээр байрлуулах, 475,841 урт хэвтээ тэмдэглэл тодруулах шаардлагатай судалгааг гаргасан,
  3. Тухайн авто замын хариуцан ажилладаг аж ахуйн нэгж байгууллагад нийт 59 удаагийн албан мэдэгдэл, 24 зөвлөмжийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан,
  4. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж хэрэглээгүй зөрчилтэй 232 тээврийн хэрэгслийн жолоочид 2,320,000 төгрөг, улсын бүртгэлийн дугааргүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 1,661 тээврийн хэрэгслийн жолоочид 41,525,000 төгрөг, ашиглахыг хориглосон бүрэн бус мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 7,392 тээврийн хэрэгслийн жолоочид 147,840,000 төгрөг, замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан зөрчилтэй 15 тээврийн хэрэгслийн жолоочид 300,000 төгрөг, согтуурсан, мансуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 988 тээврийн хэрэгслийн жолоочид тус тус торгуулийн арга хэмжээг оногдуулж ажилласан байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Согтуудаа мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 988 хүнийг торгожээ  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй