
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/690 дугаар захирамжаар батлагдсан тус төсөл нь 2025–2029 он хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 3,000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн.
Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид 1,800 айлын, дараагийн шатанд 1,200 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулна. Төслийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталж, улмаар эхний ээлжийн орон сууцны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 6 дугаар сарын 24-нд зарласан.
Тус тендерт нийт гурван байгууллага оролцсоноос “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төсөл хэрэгжүүлэх батламж хүлээж авсан. Уг төсөлд хяналт тавих үүргийг Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК хүлээн авч, гүйцэтгэгч байгууллагатай хоёр талт гэрээ байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Гэр хорооллыг дахин төлөвлөх тус төсөл нь орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд одоогоор нийт 232 нэгж талбарын газар чөлөөлөх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Газрын нөхөх олговрын ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж байгаа талаар холбогдох албаныхан онцоллоо.
Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах юм гэж Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Ханын материалыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 95 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.