Шууд Chart

“COP 17” хурлыг угтаж олон улсын төлөөлөгчид цөлжилтийн эсрэг чууллаа

2025-10-04 16:39:44

“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Өмнөговь аймгийн Даланзадгад суманд боллоо.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн хурлыг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Оюу толгой компани хамтран 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар үг хэлж, эрдэмтэн мэргэд, судлаачдын дэвшүүлж буй судалгаа мэдээлэл, санаачлагууд дэлхий дахины өмнө сорилт болж буй цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнд түлхэц үзүүлэхийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг (ЭМААБОАБОН) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам нар үг хэллээ. Энэхүү хурал нь 2026 онд манай улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17)угтан цөлжилттэй тэмцэхэд бодитой шийдлүүдийг хамтдаа эрэлхийлсэн ач холбогдол бүхий арга хэмжээ болсон юм.
 
Хуралд Монгол, Австрали, БНХАУ, Япон, Франц зэрэг улсуудын 200 гаруй төлөөлөгчид оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
Үндсэн болон салбар хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын шинэхэн судалгааны үр дүн, шийдлүүд багтсан нийт 27 аман илтгэлийг хэлэлцлээ. Үүнд цөлжилтийн үйл явцын шинжлэх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, хиймэл дагуул ба хиймэл оюун ухаанд суурилсан мониторингийн аргачлал, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах технологи зэрэг сэдвүүд багтсан юм.
 
Хурлын хүрээнд “Боломжуудыг нээцгээе” уулзалт болон “Газрын доройтлыг тэглэх нь” зэрэг сургалтанд байгууллагуудын төлөөллүүд оролцож цаашид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар шийдлийг хэлэлцэв. Түүнчлэн хурлын үеэр байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн, 40 гаруй ханан илтгэлүүд дэлгэгдэж, оролцогчид туршлага солилцон, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм.
 
Цаашид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг олон улсын түвшинд уламжлал болгон зохион байгуулж, салбарын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид таамаглалаа баталгаажуулах, цөлжилтийг бууруулах шийдлээ хуваалцах урт хугацааны хамтын ажиллагааны талбар болгохыг зорьж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

“COP 17” хурлыг угтаж олон улсын төлөөлөгчид цөлжилтийн эсрэг чууллаа  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй