
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэрээ үр сортын шинэчлэл, сэлгээний таримлын төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр зорин ажиллаж буй “Ачит Агро” ХХК-ийн тосны ургамлын нөөц бүрдүүлэлт, ургац хураалтын явцтай газар дээр нь танилцлаа.
Тус компани энэ онд “Чинза” сортын рапс тариалсан байна. Уг сортыг энэ жил 54 аж ахуйн нэгж, 17 мянган га талбайд тариалжээ. Ургац хураалтын ажил одоогоор эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2100 тонн тосны ургамал хураан аваад байна.
Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр “Чинза” сорт нь га-гаас дунджаар 45 центнер хүртэл ургац авах боломжтой өндөр бүтээмжтэй сорт юм. Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалын нөхцөлд ч 25-35 центнер ургац хураах бүрэн боломжтой гэж үздэг байна. Түүнчлэн энэ сорт нь зөвхөн Монгол Улсад төдийгүй БНХАУ-ын хаврын рапсны хэрэгцээний 85 хувийг дангаар хангадаг үнэ цэнтэй сорт аж.
Манай орны тариаланчид нийтдээ 10 гаруй мянган тонн тосны ургамал хураан авах боломжтой байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тосны ургамлын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж буйг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. Ийнхүү газар тариалангийн бүс нутагт үр сортын шинэчлэл, өндөр ургацын боломж бүхий тосны ургамлын үйлдвэрлэлд анхаарч буй нь зөвхөн нэг компанийн төдийгүй Монголын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн суурь болж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тосны ургамлын 2100 тонн нөөц бүрдүүлээд байна | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.