Шууд Chart

КОЙКA -аас Гадаадын иргэн, харьяатын газарт талархал гардууллаа

2025-10-06 15:52:15

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Газар (KOICA)-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, Гадаадын иргэн, харьяатын газарт “Шилдэг хамтран ажиллагч байгууллага”-ын талархал гардууллаа.

Мөн энэ үеэр  ГИХГ-ын газрын дарга Н.Ууганбаяр, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Газар (KOICA)-ын “World Friends Korea” хөтөлбөрийн менежер Ан Жун Сүг тэргүүтэй төлөөлөгчидтэй  хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-тай 2007 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023-2025 онд “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв (MRTC)-тэй хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын 40 гаруй  албан хаагч БНСУ-д сургалтад хамрагдаж, олон улсын туршлагаас суралцаж, шинэлэг технологийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх,  судалгаа, шинжилгээ хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм. Цаашид уг төслийг үргэлжлүүлж, бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хамтран явуулах хүсэлтээ илэрхийлсэн

Түүнчлэн  КОЙКA-ийн “World Friends Korea” төслийн хүрээнд БНСУ-ын  туршлагатай эрдэмтэн, судлаач ГИХГ-т нэг жилийн хугацаагаар томилогдон ажиллаж, шилжилт хөдөлгөөний салбарын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж буйг онцоллоо.

БНСУ-ын хувьд 2008 оноос эхлэн 5 жил тутам “Гадаадын иргэдийн бодлогын суурь төлөвлөгөө”-г (Immigration Policy Basic Plan) боловсруулж, Засгийн газраараа батлуулдаг. Энэ нь тус улсын цагаачлал, нийгмийн бодлогын дээд түвшний баримт бичиг төдийгүй төрийн бүх агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх суурь чиглэл, стратеги юм. Одоогоор БНСУ-д 4-р үндсэн төлөвлөгөө /2023-2027/ хэрэгжиж байгаа бөгөөд гадаадын иргэдтэй хамтран хөгжих, дэлхийд тэргүүлэх улс болох алсын хараатайгаар эдийн засаг, аюулгүй байдал, хүний эрх, хамтын ажиллагаа зэрэг үндсэн 5 бодлогыг дэвшүүлж, 18 чухал арга хэмжээг хэрэгжүүлж байна.


КОЙКA -аас Гадаадын иргэн, харьяатын газарт талархал гардууллаа  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй